Манай хойд хөрш Орос улс 9 сарын 8, 9, 10-нд бүх шатны сонгуулиа явуулж дууслаа. Ерөнхийлөгчөөс бусад бүх төрлийн сонгууль нэгмөсөн болсон гэж ойлгож болно. Оросууд энэ 3 өдрийн сонгуулиа “Сонгуулийн нэгдсэн өдөр” гэж нэрлэдэг. Дашрамд дурдахад, Оросын Холбооны Улс нь 89 субъектоос бүрддэг: 48 муж, 24 улс, 9 хязгаар, 3 холбооны түвшний хот, 4 автономт тойрог, 1 автономт муж. Ер нь Орос даяар нийт 157 мянган хот, тосгон, суурин газар байдаг юм байна.
2023 оны энэ сонгууль Оросын 86 регионд цахим ба уламжлалт хэлбэрээр явагджээ. Оросууд 21 мужийн амбан захирагч, бүс нутгийн 20 парламентын гишүүдийг бас 4 регионы Төрийн Думын депутатуудыг сонгожээ.
"35 мянган албан тушаалд 80 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдлөө. Цагийн 5 бүсэд янз бүрийн түвшний 4127 сонгууль болсон.... 20 намын төлөөлөгчид оролцлоо. 8 нэр дэвшигч тутмын 1 нь бие даагч... Гадаадын 28 орны 50 гаруй ажиглагч хүрэлцэн ирсэн.... 25 регионд онлайн сонгууль явагдаж 3 сая гаруй иргэн гар утас, компьютер, планшетаар саналаа өгөв. Сонгуулийн үеэр хакерууд бөөн бөөнөөр довтолж 30 мянга гаруй удаа халдлага үйлдсэн" гэж ОХУ-ын ХМХ мэдээлжээ. "Сонгуулийн зөрчлийн талаар 281 гомдол, санал хүсэлт ирсэн, үүний 104 нь Москвагийн сонгуультай холбоотой байв. Гэхдээ ноцтой гэмт хэрэг, зөрчил сонгуулийн үеэр илрээгүй" гэж Оросын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфилова мэдэгдэв.
ОХУ-д өнгөрсөн жил дагаар орсон шинэ 4 нутагт ч бас энэ сонгууль явагдсан: Донецк улс, Луганск улс, Запорож ба Херсон муж.
#МЦогзолмаа орчуулав.