Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун 6 өдөр Орост айлчлаад буцлаа. Мань эр 6 өдөрт хуягт галт тэргээрээ Оросын газар нутгаар - Приморскийн болон Хабаровскийн хязгаар, Еврейн автономт муж, Амар мужаар 3700км аялжээ. Умардын тэргүүний албан айлчлал өндөрлөсөн тухай Оросын Байгаль орчны сайд Александр Козлов мэдэгдлээ. “Орос гүрэн, Ерөнхийлөгч Путин болон танай ард түмэнд хөгжил цэцэглэлт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсч байна.... Биднийг үнэхээр сайхан хүлээн авлаа.... ОХУ-ын Номхон далайн флот бол Зүүн Хойд Азийн бүс нутагт төдийгүй даян дэлхийд энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангахад маш том хувь нэмэр оруулдаг” хэмээн III Ким мэдэгджээ. Харин Путин “Маш үр дүнтэй... Бид бүс нутгийн нөхцөл байдал болон 2 талын харилцааны талаар их нээлттэй саналаа солилцсон... Маш сонирхолтой, олон тооны хамтарсан төсөл хэрэгжүүлнэ...” гэжээ. Гэхдээ Талууд хамтарсан хэвлэлийн хурал ч хийсэнгүй, бас ямар ямар бичиг баримтад гарын үсэг зурснаа нууцалсан.
III Ким энэхүү айлчлалын үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар уулзаж дэлхийн өнөөгийн нөхцөл байдал болон 2 орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа, харилцаа солилцооны асуудлыг авч хэлэлцжээ. Шойгу түүнчлэн III Кимд Оросын “Кинжаал” пуужингийн цогцолбороо танилцуулав. Умард Солонгос дахь ОХУ-ын Элчин сайд Александр Мацегора “Ким Чен Ун энэ айлчлалд тун сэтгэл хангалуун байгаа... Нөхөр Кимд Пхеньяны 1950-аад оны үеийн уран зургийг бэлэглэлээ. Үнэхээр сайхан бэлэг. Зураач нь дэлхийн уран зургийн салбарт тийм ч алдартай бус... Тэр 1950-аад онд Пхеньяны аж амьдралын тухай маш сайхан бүтээлүүдийг туурвисан хүн. Бид энэ зургийг экспортлох зөвшөөрлийг эздээс нь авсан” хэмээжээ.
Ингэхэд оросууд түүнийг бэлгээр ёстой “булжээ”. Путин түүнд орос карабин, бас сансарт аялаад ирсэн скафандрын бээлий бэлэглэсэн бол Шойгу үнэт эрдэнээр гоёсон хутга, Кобылаш тансаг бэлэг, Кожемяко сумнаас хамгаалах хувцас өгөв. III Ким түүнчлэн 5 ширхэг дрон-камикадзе, “Герань-25”, өвлийн орос малгай бэлгэнд авчээ.
Ким дарга харин Путинд солонгос карабин бэлэглэсэн ба харин Номхон далайн флотод өгсөн бэлгээ олон нийтээс нууцлав.
МЦоггзолмаа орчуулав.