Image description
Япон улсад зохион байгуулагдах зуны Олимпийн наадмыг үзэгчидтэй явуулахаар болсон ч зарим нэг шаардлага тавьжээ. “Олимпийн наадмыг үзэгчидтэй явуулахыг бид зөвшөөрсөн, гэхдээ хэрэв тэдний биеийн халуун нь Цельсийн 37,5 градус ба түүнээс дээш бол тэмцээн рүү нэвтрүүлэхгүй” гэж “Токио 2020”-г зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хасимото өнөөдөр хийсэн хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ. Орох хаалган дээр үзэгчдийн биеийн температурыг хэмжих юм байна. Олимпийн тэмцээн уралдаанд 10 мянга хүртэл орон нутгийн үзэгчдийг, Японд амьдардаг хүмүүсийг нэвтрүүлнэ хэмээн зохион байгуулагчид ярилаа. Түүнчлэн тэмцээн уралдаан явагдах спорт заал, цэнгэлдэхийн зөвхөн талыг үзэгчид эзлэх ёстой юм байна. Олимпийн наадмын үзэгчдэд маш хатуу шаардлага тавьжээ, тэд заавал маск зүүх ёстой, тэмцээн дуусмагц шууд гэр гэртээ харина, алга ташиж тамирчдыг дэмжиж болохгүй гэх зэрэг. Гэхдээ хэрэв Японд коронавирүсийн халдварын тоо дахиад өсвөл эдгээр журам дүрэмд өөрчлөлт орж магадгүй аж. “Нөхцөл байдал эрс муудвал бид дахиад 5 талт уулзалт хийж шийдвэрээ шинэчилж гаргана. Мөн Онц байдал зарласан тохиолдолд ямар алхам хийх бүх хувилбарыг авч үзэж байгаа, бүр огт үзэгчидгүй явуулах гэх мэтээр” гэж “Токио 2020”-н зохион байгуулах хороо мэдэгджээ.  
Түүнчлэн Олимпийн наадмын үеэр спортын бүх объект дээр архи зарахгүй, мөн үзэгчид ба хөгжөөн дэмжигчид биедээ согтууруулах ундаа авч орохыг хориглоно гэж Японы тал мэдэгдлээ. Өмнө нь Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд архи, согтууруулах ундаа зарахыг зөвшөөрсөн тухай мэдээлэл түгсэн билээ, гэвч эндхийн эмч мэргэжилтнүүд болон Сөрөг хүчний намууд, энгийн иргэд эрс шүүмжилсэн учраас шийдвэрээ ийнхүү цуцалжээ.