Image description
Дэлхийн ба Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Мессийн цалинг 50% бууруулсан ч тэр үргэлжлүүлэн Каталоны “Барселон” клубт тоглохыг зөвшөөрсөн тухай “Diario Sport” мэдээллээ. Талууд 5 жилийн хугацаатай шинэ гэрээ байгуулах гэж байна. Өмнө нь 2 жилээр гэрээ байгуулах тухай мэдээлэл цацагдсан. Харин Месси “Би хүч чадлыг мэдэрч байна, энэ клубтээ илүү удаан тоглож чадна” гэж мэдэгдсэн тул ийнхүү 5 жилийн гэрээ хийхээр болжээ. Одоо хуульчид, зөвлөхүүд гэрээний нарийн ширийн зүйлсийг боловсруулж дуусч байна. Шинэ гэрээний талаар 7 сарын сүүлээр албан ёсоор зарлах аж. 
Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том шагнал болох “Алтан бөмбөг”-ийг 6 удаа хүртсэн Месси яагаад тал цалинг нь хассантай эвлэрснийг ХМХ сонирхжээ. “Барселон клубын хувьд хэцүү байдал үүссэн, санхүүгийн хүндрэлтэй байгааг би ойлгон каталончуудын нөхцлийг хүлээн авсан юм. Ингэж цалингаа бууруулсан миний жишээг манай клубын бусад тамирчид үлгэр дуурайл болгоно гэж найдаж байгаа” хэмээн Месси хариулав. 
Сонирхуулахад, Мадридын “Реал” клуб үүнээс ч хэцүү байдалд орсон бололтой. Цар тахлаас болж 300 сая евро алдсан гэж тус клуб мэдээлсэн. Харин UEFA -н мэдээлснээр Европын клубууд 2019-2021 онд 6 тэрбум еврогийн алдагдал хүлээжээ.