“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ныг дуустал буюу Онцгой дэглэмийн хугацаанд 32.7 сая тонн нүүрс борлуулж 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллав. Компанийн түүхэн дэх нийт борлуулалтын 28%-ийг Онцгой дэглэмийн үеийн борлуулалтын орлого эзэлж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэмийн хугацаанд 54 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 7.2 сая тонн нүүрс борлуулж 902.1 сая ам.долларын орлого олов. Биржээр нүүрс арилжаалснаар 359.7 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэмийн хугацаанд нийт 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллав. Энэ үзүүлэлт компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого бөгөөд нийт орлогын 41%-ийг эзэлж байна.
Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 26.0 сая тонн нүүрс олборлов. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх 13 жилийн хугацаанд нийт 116.9 сая тонн нүүрс олборлосон. Нийт олборлолтын 22%-ийг Онцгой дэглэмийн хугацаанд олборлоод байна.
Онцгой дэглэмийн хугацаанд уурхайн тэсэлгээ, ачилт, уулын ажил зэрэг нийт 17 ажлын төсвийг бууруулан тендер зарласнаар "Эрдэнэс Тавантолгой" ХК 363.2 тэрбум ам.долларын төсвийн хэмнэлт хийж чадлаа. Төсвийн хэмнэлтийн хүрээнд ЭТТ бондыг эргэн дуудсанаар 20.6 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэв.