Image description
Израилийн “NSO Group” компаний “Pegasus” гэдэг тагнуулын программ ашиглан дэлхийн өнцөг булан бүрд асар олон сэтгүүлч, улстөрч, идэвхтэн, бизнесмэний гар утсыг чагнаж тагнадаг байсныг илрүүлсэн гэж “Forbidden Stories” ТТБ болон дэлхийн улс орнуудын 17 ХМХ мэдэгдлээ. Ямартай ч “Forbidden Stories” байгууллагын олсон ганц жагсаалтад 2016 оноос хойш 50 мянга гаруй гар утсыг чагнаж байсан нь тогтоогдсон. Тэд бол улстөрчид, дипломатчид, армийн өндөр албан тушаалтнууд, аюулгүй байдлын офицерүүд, бизнесмэнүүд, хүний эрхийг хамгаалагч идэвхтэнүүд ажээ. Тэдний дунд бүр дэлхийн тусгаар тогтносон 2 орны тэргүүн, нилээд хэдэн ЕС, Арабын хааны гэр бүлийн гишүүд ч байгаа. Тагнуулын программыг 189 сэтгүүлч, 600 гаруй улстөрч, дипломатч, 85 идэвхтэний гар утсанд суулгасан тухай “The Washington Post” дамжууллаа. 
Уг нь “NSO Group” компаний мэдэгдсэнээр тагнуулын энэ программ хангамжийг мафи болон гэмт хэрэгтнүүд, террористууд,хар тамхины наймаачид, педофил, хүүхэд хулгайлагчдыг мөрдөж мөшгихөд ашиглах ёстой юм байна. Израилийн ЗГ энэ “Pegasus” программыг ашиглах тусгай эрхийг зөвхөн төр засаг ба төрийн агентлагуудад олгодог аж. Гэсэн ч дэлхийн зарим орны Засгийн газар ба тусгай албад  үүнийг эгэл иргэдээ бөөн бөөнөөр чагнаж тагнахад ашиглаж байна. Дээр дурдсан жагсаалтад “CNN”, "Associated Press", "Reuters", "Voice of America", "The New York Times", "The Wall Street Journal", "Bloomberg", "Le Monde", "Financial Times", "El País", "Al Jazeera" зэрэг манай гарагийн хамгийн алдартай ХМХ-н сэтгүүлч сурвалжлагчид ч байгаа аж. “Daily Mail” сонинд бичсэнээр нийт 50 орны тухай яригдаж байгаа гэсэн ч зөвхөн 10-ыг нэрлэв, Азербайжан, Бахрейн, Унгар, Энэтхэг, Казахстан, Мексик, Марокко, Руанда, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмир . Энэ талаарх шинэ мэдээллийг ойрын өдрүүдэд дахин олон нийтэд дэлгэнэ гэж сэтгүүлчид зарлалаа.