Image description
Японы Токио хотод зуны Олимпийн наадам 2021 оны 7 сарын 23-нд нээгдэх боловч албан ёсны анхны тоглолт хэдийн зохион байгуулагдлаа. “Фукусима Азума” нэртэй цэнгэлдэх хүрээлэнд  явагдсан софболын тэмцээнд Австрали ба Японы шигшээ багийн эмэгтэй тамирчид өрсөлдөв. Тэмцээнд япончууд 8:1 харьцаагаар ялжээ. Олимпийн наадмын софтболын тэмцээн 7 сарын 21-нээс 27-ны хооронд явагдана, нийт 6 эмэгтэй баг оролцож байгаа. Харин эрчүүд бейсболоор өрсөлдөнө. 
Сонирхуулахад, Олон улсын Олимпийн хороо (ОУОХ) түүхэндээ анх удаа уриагаа өөрчиллөө. ОУОХ бүр 1894 онд "Citius, Altius, Fortius" буюу "Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй" гэсэн уриаг баталсан. Орчин үеийн Олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч, Францын язгууртан Пьер де Кубертен энэ уриаг бодож олжээ. Олимпийн шинэ уриа бол: "Citius, Altius, Fortius - Communis" буюу “Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй –Хамтдаа”. ОУОХ-ны тэргүүн Томас Бах яагаад уриандаа ганцхан үг нэмсэн тухай тайлбарлахдаа “Бид уриагаа өнөө үед тохируулан өөрчлөх хэрэгтэй болсон... Ганцаар, бие даан ажиллахын оронд хамтын хүчээр хөдөлбөл илүү хурдан, илүү сайн үр дүнд хүрнэ. Энэ шийдвэр бол манай хөгжлийн чухал үе шат, бид хамтарсан үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулахыг хүсч байна” хэмээжээ.