Гаазын зурваст явуулж буй Израилийн цэргийн ажиллагааг эсэргүүцсэн Палестины агуу цуглаан бямба гарагт Турк улсын нийслэл Стамбул хотын Ататюрк онгоцны буудалд болж 1,5 сая гаруй хүн оролцсон тухай “TRT Haber” мэдээлэв. Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган уг цуглаанд оролцож үг хэлэв. “Палестиныг дэмжин Гаазын зурваст дарлагдаж буй хүмүүст итгэл найдвар бэлэглэж буй та бүхэнд, тус бүрд нь би талархаж байна.... Энэ нутаг зуухан жилийн өмнө Османы эзэнт гүрнийх байсан... Одоо Гаазын зурваст өрнөж буй үйл явдлыг туркууд зүгээр нэг шүүх хангалтгүй. Дайн дажны гол буруутан бол Өрнөд. Өрнөдийн орнууд бусдын гараар “могой бариулж байна”. Харин Израиль бол шатрын хүү, түүнийг нэг л өдөр золиослоно доо.... Израиль үнэндээ улс биш, тэд бол.дайны гэмт хэрэгтэн, Палестины газар нутгийг эзлэн түрэмгийлэгч, гэмт бүлэглэл бөгөөд холбоотнуудгүйгээр 3 өдөр ч тэсч чадахгүй ээ..... Израилийн хүмүүжилгүй эрх баригчид эндээс яв гэж Гаазын зурвасын оршин суугчдыг хөөсөн. Хаашаа гэж асуухад “Элсэн цөл рүү” гэсэн. Шархадсан хүмүүс аргагүй байдалд орж шилжин нүүж эхлэхэд тэд бөмбөгдөж байна. Яагаад гэвэл, тэд алж хөнөөхөөс өөр юм мэдэхгүй... Украинд амиа алдагсдын хойноос өчигдөрхөн л матрын хуурамч нулимс унагагсад өнөөдөр Гаазын зурваст олноороо амь үрэгдэж мянга мянган гэмгүй ариун хүүхдүүд үхэж байхад дув дуугүй огт өрөвдөж хөөрхийлөхгүй байна... Улс орон бүр өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэвч шударга ёс хаа байна? Энд зүгээр л хядлага, нядалгааны газар болжээ... Палестины ард иргэдийг өлсгөж усгүй, түлшгүй байлгаж бөөн бөөнөөр хиаруулж хядахыг хүсч байна. Хөөе, Өрнөд өө! Та нараас асууж байна.... Загалмайтан ба Хавирган сарын хооронд дахин дайны гал дэгдээхийг та нар хүсээ юү? Тэгвэл та нар мэдэж авцгаа, энэ ардууд үхээгүй. Энэ ард түмэн амьд, бат бөх хөл дээрээ зогсч байна.... Израилийн солиотой удирдлага одоо Гаазын зурваст явуулж буй довтолгоогоо нэн яаралтай зогсоо!” гэж Туркийн Ерөнхийлөгч Эрдоган мэдэгдлээ.
Туркийн тэргүүний энэ хатуу ширүүн мэдэгдлийн хариуд Израилийн Гадаад харилцааны сайд Эли Коэн “Би өөрийн бүх дипломатч төлөөлөгчдийг Туркээс эргүүлэн татлаа. Израиль-Туркийн харилцааг дахин эргэж харах ёстой” гэж хэллээ.
Гэтэл Өрнөд тэр чигтээ амандаа ус балгасан мэт дуугүй байна. Ерөнхийлөгч Эрдоганы хатуухан дайралтад Өрнөдийн нэг ч орны тэргүүн одоо хүртэл юу ч хэлсэнгүй.
#МЦогзолмаа орчуулав.