Image description

Сүүлийн үед  сошиал орчноор Хэнтий аймгийн Батноров суманд барьж байгаа “Андын барилдлага” цогцолборын бүтээн байгуулалтыг тойрсон шүүмж хүчтэй өрнөж, олны анхаарлыг татаж эхэлсэн. Тэгвэл тун саяхны нэгэн эх сурвалжийн мэдээллээр уг цогцолборын оюуны өмчийг Өвөрмонголчууд худалдаж авахаар болсон гэнэ. Хэдийгээр маш их шүүмжлэл дагуулж, хэл амны бай болсон уг цогцолборыг бүтээн босгож байсан МУСГЗ С.Эрдэнэбилэг агсан бүтээлээ туурвиж байх явцдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, “Андлалын өргөө” цогцолборын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Тэгвэл тун саяхан талийгаачийн ар гэрийнхэн “Андлалын өргөө” бүтээлийн оюуны өмчийг ашиглах эрхийг Монгол Улсад хэнд ч өгөхгүй байх шийдвэрийг гаргажээ. Хэдийгээр уг бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй ч  дотор засал болон хөшөөний гадаад хэсгийг цэвэр өөрийн гараар хийхээр төлөвлөж байсан гэдэг. Харамсалтай нь энэхүү дуусгаж чадаагүй хувилбарын төсөл нь сошиал орчинд тарж маш их шүүмжлэл өрнөж байгаад түүний ар гэрийнхэн харамсаж байгаагаа илэрхийлж, оюуны өмчөө ашиглуулахаас ийнхүү татгалзжээ. Ингээд дээрх  оюуны өмчөө ар гэрийнхэн нь өвөрмонголчуудад худалдаж байгаа бөгөөд үүгээрээ улсын төсвөөс авсан мөнгөө эргүүлэн төлж улсыг хохиролгүй болгож байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад  Хүлэг баатар Боорчи -Андын барилдлага цогцолборын гол хэсэг болох “Андын барилдлага” өргөө газраас доош гурван метр, газраас дээш 18, нийт 21 метрийн өндөртэй. Харьцуулбал зургаан давхар барилгатай дүйцэхүйц хэмжээтэй. Энэхүү өргөө нь дуулга тулган золгож, тэнгэрийн нэрийг барин андгайлж байгаа хоёр баатрыг илэрхийлсэн билэгдэлтэй цогцолбор босох байсан юм. Нэг талаараа манайхны энэ их хэл ам, үг яриань ёстой л нөгөө “Ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн” болох вий дээ гэсэн бодлыг төрүүлэх юм даа.