Image description




Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө” цогцолбор барьсан. Гэвч энэ бүтээн байгуулалтыг оюуны өмчийн маргаанаас болж цаашид ашиглах боломжгүй болж нурааж байгаа бөгөөд цогцолборын ажлыг гүйцэтгэсэн “Хос санаа” компани улсын төсвөөс 4 удаагийн гүйцэтгэлээр шилжүүлэн авсан 1,9 тэрбум төгрөгийг өнөөдөр Улсын төсөвт буцаан тушаасан байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан тайлбарлахдаа  “БОАЖЯ, Хэнтий амйгийн ЗДТГ, гүйцэтгэгч “Хос санаа” компанитай гурвалсан гэрээ байгуулсан. Барилгын явцад Д.Эрдэнэбилэг агсан хүнд өвчний улмаас нас барсан тул зураг төслийн гүйцэтгэлд хяналт тавих боломжгүй болсон учраас оюуны өмчийг  зарцуулахтай холбоотой саналууд гарч эхэлсэн. Барилгын ажил бүрэн гүйцэт дуусаагүй байгаа үед иргэдийн зүгээс сошиал орчинд шүүмжлэлүүд ирсэн. Оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт ирсэн. Түүнчлэн БОАЖЯ-нд барилгын ажлыг зогсоож, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлтийг гэргий болон ээжээс нь тавьсан. БОАЖЯ-наас 1 тэрбум 900 сая төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг Хос санаа компанид өгсөн. Тэр дагуу өнөөдөр Хос санаа компани улсыг хохиролгүй болгож төлбөрөө бүрэн төлснөөр дээрх асуудал шийдэгдэж байна” гэлээ.