Image description
Куба улсын эрх баригчид дэлхийд анх удаа 2-10 насны хүүхдүүдэд коронавирүсийн эсрэг вакциныг тарьж эхэлсэн тухай “AP” агентлаг мэдээллээ. Эрх баригчид энэ алхмаа “дельта” штамм дэлгэрч байгаагийн эсрэг чиглэсэн гэж мэдэгдэв. Куба улс гадаадаас вакцин худалдаж аваагүй, мөн “COVAX” хөтөлбөрөөс татгалзжээ. Кубын эрдэмтэд коронавирүсийн эсрэг 2 вакцин бүтээсэн, “Abdala” ба “Soberana”. Эдгээр вакциныг 3 тунгаар хийх шаардлагатай юм байна. Дашрамд дурдахад, Куба өмнө нь 11-18 насны өсвөр настнуудад вакцин тарьж эхэлсэн билээ. Энэ орны “Abdala” вакцин 92%, “Soberana” нь 62%-ийн үр дүн үзүүлсэн гэж Кубын судлаач шинжээчид мэдэгдсэн. Гэхдээ эдгээр вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрөөгүй. Гэсэн ч Куба одоо 2-18 насны хүүхдүүдэд "Soberana" вакцины 2 тун, бас "Soberana Plus" вакцины 1 тунг тарьж байгаа аж.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр Кубад 776 мянга гаруй хүн ковидоор өвчилсөн ба нийт халдвар авагсдын 85 мянга нь хүүхдүүд, өсвөрийн настнууд. Цар тахлын улмаас Куба улсын сургуулиуд 2020 оны 3-р сараас хаагдаж хичээллээгүй. Шинэ хичээлийн жилд 9 сарын 6-наас эхлэн бүх хичээлийг зурагтаар зааж байгаа, яагаад гэвэл энэ орны ихэнх гэр бүл интернэтгүй аж. Эрх баригчид 10-р сар гэхэд бүх хүүхэд, өсвөр настнаа вакцинжуулалтад хамруулж дуусан дараа нь аажмаар сургуулиудаа нээхээр төлөвлөж байна. Сүүлийн саруудад Кубад коронавирүсийн халдвар нилээд нэмэгдсэн. Нийт 5700 хүн ковидоор нас барснаас бараг тал нь өнгөрсөн 8-р сард тохиожээ. Сүүлийн үед ялангуяа хүүхдүүд энэ өвчнөөр нас барах нь ихэсчээ. Дэлхийн ихэнх оронд 12 наснаас эхлэн хүүхдүүдэд коронавирүсийн эсрэг вакцин тарьж байгаа. Харин Хятад, АНЭУ, Венесуэль зэрэг орон бага насны хүүхдээ ковидын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Харин Чили улс 6-гаас дээш насны хүүхдүүдэд 9 сарын 6-наас Хятадын “Sinovac” вакцин хийж эхэлжээ.