Image description

ОХУ-ын эрх баригчид дотоодын зах зээлийг тогтворжуулахын тулд компаниудад ямар нэг хориг тавихгүйгээр бензиний экспортоо бараг тэг болгож бууруулсан байна. ОХУ-ын гол экспортлогч болох "Сургутнефтегаз" компани Засгийн газартай тохиролцсоны дагуу бүх шатахуунаа дотоодын зах зээлд нийлүүлж байгаа тул бензиний экспорт бараг тэг болж буурсан гэж тус улсын шадар сайд Александр Новак есдүгээр сарын эхээр мэдээлжээ.

"Бид хориг тавиагүй ч экспортын хэмжээг бараг тэг болгосон. Гол экспортлогч болох "Сургутнефтегаз" компанитай бид тохиролцоонд хүрсэн. Тус компани одоо бүх шатахуунаа дотоодын зах зээлд нийлүүлж байна" гэж Новак хэлсэн байна.

ОХУ-ын Засгийн газар бензиний экспортыг хориглох, биржээр дамжуулан борлуулж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, бирж дээр үнийг тогтворжуулах талаар нефтийн компаниудтай гэрээ хэлэлцээр хийх асуудлыг хавраас хойш хэлэлцжээ. Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өссөн байна.

Бензиний экспортод хориг тавихгүй байх шийдвэрийг ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн сард гаргасан юм.  ОХУ-ын түлшний зах зээлийг тогтворжуулах нэмэлт арга хэмжээ авснаар хиймэл хөөрөгдөл байхгүй болсон бөгөөд намраас байдал улам сайжирна гэж Новак мэдээлж байв. Тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын эхний долоо хоногт шатахууны зах зээл тэнцвэртэй, үнийн байдал сайжирсан байна. Оросын нефть боловсруулах зарим үйлдвэрт засвар хийсэн хэдий ч газрын тосны компаниуд дотоодын зах зээлээ түлшээр хангах үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд бирж дээрх арилжааны хэмжээ нь Монополийн эсрэг алба болон Эрчим хүчний яамны хэмжээнээс нэлээд давсан байна. "Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр дотоодын зах зээлийн бөөний болон жижиглэнгийн үнэ буурсан" гэж Оросын Эрчим хүчний яам мэдээлжээ.