Image description
Солонгосын хойгт дайн дууссан тухай зарлахыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дахь улирлын хуралдааны индэр дээрээс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн. Тэрбээр энэ мэдэгдлээ хойд хөршдөө төдийгүй дэлхийн хүчирхэг гүрнүүд Америк, Хятадын сонорт хүргэхийг хүссэн нь лавтай. Үүний хариуг Умард Солонгос дор нь барилаа. “Солонгосын хойгт дайн дууссан тухай тунхаг гаргах нь арай эртэдсэн хэрэг. Бодит байдал ийм байна” хэмээн Умард Солонгосын Гадаад харилцааны сайд Ли Тхэн Сон мэдэгдлээ. “Дайн дууссан тухай тунхаглал зөвхөн билэгдэл төдий байх учраас Америкийн зүгээс манай Умард Солонгос руу чиглэсэн дайсагнасан бодлого, хандлагаасаа татгалзана гэсэн ямар ч баталгаа алга” хэмээн Гадаад харилцааны сайд Ли Тхэн Сон хэлжээ. Умард Солонгос энэ мэдэгдэлдээ өөрийнх нь эсрэг чиглэсэн тив алгасах балластик пуужингаа АНУ туршдаг тухай дурдаж, мөн Япон ба Өмнөд Солонгост тэрбум тэрбум долларын үнэтэй зэр зэвсгээ зардаг, Австралид цөмийн реактортой атомын шумбагч бүтээх технологио шилжүүлж буйг буруушаажээ. “Энэ бүх баримтаас үзэхэд дайн дууслаа гэж зарлан тунхаглах цаг болоогүй" гэж Умард Солонгос мэдэгдлээ.