Image description
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Манай орон Афганистанаас 40 мянган дүрвэгчийг хүлээн авахад бэлэн. Дүрвэгчдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх асуудалд улс орон бүр дэмжлэг үзүүлж үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг бид мөн бусад оронд хандан уриалж байна” гэж мэдэгдсэнийг “Reuters” агентлаг дамжуулав. Канадын цэргийн албан хаагчид болон тэдний ар гэрийнхэнд тусалж байсан афганчуудыг хүлээн авахаас гадна мөн өөрийн орны хэрэгжүүлдэг Хүмүүнлэгийн хөтөлбөрийн бодлогод нийцсэн дүрвэгчдэд виза олгоно хэмээн Ерөнхий сайд Жастин Трюдо ярьжээ. Үүний зэрэгцээ Канад улс одоо орж ирчихсэн байгаа дүрвэгчдэд үзүүлэх тусламжийн хөтөлбөрөө эхлүүлээд байна. Канад улс бие даан Афганистанаас өөрийн иргэд болон дүрвэгчид нийлээд 3,7 мянган хүнийг гаргаж чаджээ. Харин дээр дурдсан 40 мянган дүрвэгч гэдэг тоо бол АНУ зэрэг орнуудын гуравдагч улс руу нүүлгэн шилжүүлсэн хүмүүсээс эх орондоо хүлээн авахаа Канадын эрх баригчид амласан хэрэг. Сүүлийн 2 сард Канадын хүсэлтээр 100 мянга гаруй канадчууд, афганчуудыг Афганистанаас гаргаж Катарт аваачжээ. Одоо тэднийг Канад руу шилжүүлэхээр ярьж байна.
Өмнө нь тус орны Гадаад харилцааны сайд Марк Гарно болон Цагаачлал, дүрвэгчид ба иргэншлийн асуудал хариуцсан сайд Марко Мендичино, Үндэсний батлан хамгаалах яамны сайд Сингх Саджан нар мэдэгдэл хийхдээ Канад улс ойролцоогоор 5-20 мянган афганчуудыг хүлээн авна гэж хэлж байсан юм.