Америк гүрний 50 мужийн нэг Техас өөрийн төр засгаа эсэргүүцэн бослоо. Тус мужийн амбан захирагч Грег Эббот “Би хууль бус дүрвэгч цагаачдыг эх орондоо цаашид оруулахгүй, хангалттай. Техасыг эзлэн түрэмгийлсэн хэмээн би үзэж тусгай дэглэм тогтоолоо. Иймээс одоо манай мужид захирагддаг Үндэсний гвардийн хүчийг ашиглаж эхэлсэн.... Техасаас гадна Аризон, Калифорни мужууд руу бас Канадын хил рүү харийн цагаачид бөөн бөөнөөр цутган орж ирж байна. Бид өөрсдөө хилээ хамгаална, яагаад гэвэл АНУ-ын хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг Ерөнхийлөгч манайд алга. Энэ бол Америкийн ирээдүйн төлөөх тэмцэл” хэмээн мэдэгдэв. Тэрбээр Ерөнхийлөгч Байдены тушаалыг зөрчиж цэргээ хил рүү илгээж тэнд өргөст тортой хашаа хаалт барьж эхэлжээ. Ийнхүү амбан захирагч Грег Эббот өдгөө Техас мужийн хуулийг Холбооныхоос дээгүүрт тавилаа.
Экс Ерөнхийлөгч Дональд Трамп энэ үеэр бусад мужид хандан уриалга гаргаж “Аюулгүй байдал, амар тайван амьдрал, бие даасан байдлаа хамгаалахын төлөө авч буй Техасын эрх баригчдын ухаалаг арга хэмжээг одоо бүх америкчууд дэмжих ёстой. Дүрвэгсдийн эсрэг тэмцэхийн тулд та нар өөрсдийн цэргүүдийг энэ мужид байрлуулаарай” хэмээжээ.
Техасын удирдлага өөрийн Засгийн газрынхаа эсрэг өргөх бичиг гаргасныг АНУ-ын 25 мужийн амбан захирагч нар дэмжиж гарын үсгээ зурлаа. Тэд ч гэсэн Мексикийн дүрвэгчдээс хил хязгаараа хамгаалахыг хүсэхгүй байна гэж Ерөнхийлөгч Жо Байденыг буруутгаж байгаа аж. Түүнчлэн 10 муж Техаст туслахаар Үндэсний гвардиа илгээжээ.
“Техас өөрийгөө хамгаалах, бие даасан байдлаа хамгаалах хууль зүйн эрхтэй гэдгийг бусад мужийн амбан захирагч нар онцлон тэмдэглэж буй. Гэсэн хэдий ч үүний улмаас АНУ одоо иргэний дайн дэгдэх эрсдэлтэй” гэж тоймчид таамаглажээ.
Яагаад гэвэл, АНУ-ын Үндсэн хуулинд зааснаар армийг дотоодод өөрийн иргэдийн эсрэг ашиглаж болохгүй юм байна. Хэрэв дотоодод бослого, үймээн самуун дэгдвэл Үндэсний гвардийг ашиглах ёстой. Гэтэл одоо Үндэсний гвардийн цэргүүдийн 60-65% нь төр засгийнхаа эсрэг эсэргүүцэл зарласан мужуудад харъяалагдаж байна. Тэгээд ч Техасын Үндэсний гвардийг АНУ-ын Зэвсэгт хүчний хэсэг болгон сургаж хангамжаар хангажээ.
Техас 19 мянган цэрэгтэй, 102 суурин газарт 117 ширхэг цэргийн агуулахтай. Хамгийн гол нь Техасын оршин суугчид маш сайн зэвсэглэсэн, үүнийг эрт дээр үеэс уламжлагдан ирсэн заншил гэж хэлж болно. Энэ муж 2021 оноос галт зэвсгийг олон нийтийн газарт авч явахыг хүн амдаа зөвшөөрчээ.
“The Washington Post” энэ талаар “Техасын Үндэсний гварди одоо АНУ ба Мексикийн хилийн хэсэг газрыг хяналтандаа авсан, тэд ийшээгээ бүр Холбооны хилийн албаны агентуудыг нэвтрүүлэхгүй байна” гэж бичжээ. “Техасын амбан захирагчийн үйлдэл үнэндэ зэвсэгт сөргөлдөөн болох эрсдэлийг нэмэгдүүллээ. Хилийн эргүүл хэрэв Үндэсний гвардийн зэвсэгт ангитай нүүр тулгарвал, хэрэв хэн нэг нь гэнэт тэнэг алхам хийвэл мөргөлдөөн үүсч болзошгүй” хэмээн Жорж Мейсоны их сургуулийн хууль зүйн профессор Илья Сомин хэлжээ.
“АНУ-ын 26 мужийн Ерөнхий прокурорууд өнөөдөр Техасыг хамгаалж Ерөнхийлөгч Байден ба Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркаст хандан ил захидал бичжээ. Техаст сая сая дүрвэгчид хууль бусаар ирж байна. Тэд зохион байгуулалттай, багаар нэвтэрдэг, иймээс үүнийг “халдлага, эзлэн түрэмгийлэл” гэж Ерөнхий прокурорууд үзэж, Мексиктэй хиллэдэг хилээ Техас өөрөө бие даан хамгаалах эрх эдлэх ёстой хэмээн шаардлаа” гэж “Fox News” дамжуулав.
Техасыг дэмжсэн мужууд:
Амбан захирагч Кей Айви (Алабама), амбан захирагч Майк Данливи (Аляска), амбан захирагч Сара Сандерс (Аризона), амбан захирагч Рон ДеСантис (Флорид), амбан захирагч Брайан Кемп (Жоржи), амбан захирагч Брэд Литтл (Айдахо), амбан захирагч Эрик Холкомб (Индиана), амбан захирагч Ким Рейнольдс (Айова), амбан захирагч Жефф Лэндри (Луизиана), амбан захирагч Тейт Ривз (Миссисипи), амбан захирагч Майк Парсон (Mиссури), амбан захирагч Грег Жанфорте (Mонтана), амбан захирагч Жим Пиллен (Хойд Каролин), амбан захирагч Жо Ломбардо (Невада), амбан захирагч Крис Сунуну (Нью-Гемпшир), амбан захирагч Дуг Бургум (Хойд Дакота), амбан захирагч Майк Девайн (Огайо), амбан захирагч Кевин Ститт (Оклахом), амбан захирагч Генри Макмастер (Өмнөд Каролин), амбан захирагч Кристи Ноэм (Өмнөд Дакота), амбан захирагч Билл Ли (Теннесси), амбан захирагч Спенсер Кокс (Юта), амбан захирагч Гленн Янгкин (Виржини), амбан захирагч Жим Жастис (Вашингтон), амбан захирагч Марк Гордон (Виргини).
#МЦогзолмаа орчуулав.
Техасаас болж Америкт иргэний дайн дэгдэж болзошгүй
2024-1-30
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.