Image description
Туркменистан улсын засаг захиргааны нэгж Дашогуз велаятэд 10-р сарын дундуураас талхыг картаар олгодог болжээ. Туркменистан улс 6 велаят гэж хуваагддаг, үүний нэг нь нийслэл хот Ашхабад. "Өдөрт 1 ширхэг талхыг 1 өрхөд олгож байгаа. Үүний тулд иргэд нимгэн, 12 хуудастай дэвтрийг голоор нь хувааж авч ирнэ. Худалдагч тэр дэвтэрт өдөр бүр олгосон талхаа тэмдэглэж баталгаажуулна" гэж “turkmen.news” бичжээ. Гэтэл энэ улсын ихэнх айл өрх олон хүүхэдтэй билээ. 
Өмнө нь Дашогузад элсэн чихэр, ургамлын тос, гурил, тахианы хөлдүү гуяыг 1 багц болгон олгодог байсан. 1 багцын үнэ 50 манат буюу 2,2 доллар. Талхыг өмнө нь чөлөөтэй худалдаалдаг байсан ч маш урт оочир дугаарлалд зогсч худалдаж авдаг байжээ. Улсын дэлгүүрт 1 ширхэг талх 0,6 манат бол хувь худалдаачид 5 манатаар зардаг. Лавашийг улсын дэлгүүрт 0,5 манат, харин зах дээр 3-3,5 манат. Сонирхуулахад, 10 сарын 17-ны байдлаар Ашхабадын хар зах дээр 1 долларын ханш 22,5 манат. Талхны карттай болохын өмнө буюу 10-р сарын эхээр улсын дэлгүүрүүд гэнэт хэдэн өдрийн турш талхаар дүүрч олон нийтийн гайхлыг төрүүлжээ. “Энэ их ер бусын байсан. Талхыг ямар ч асуудалгүй худалдан авч байв. Уг нь талхыг зөвхөн оршин суух хаягаар насанд хүрэгсдэд зардаг байлаа, бас 1 хүнд 3-аас илүүг өгдөггүй. Талх авахын тулд хүмүүс бүр шөнө дөлөөр ирж оочирлож сурчихсан, талхны машин ирэх үед дэлгүүрийн гадаа олон хүн дугаарлаж зогссон байдаг юм” гэж “turkmen.news” бичжээ. 10 сарын 15-наас Туркменистанд талхны хомсдол үүсч хувийн дэлгүүрт лепешок бүр 8-10 манат хүрсэн аж. Туркменистаны олон нутагт бүр жил гаруйн өмнөөс хүнсийг картаар олгож байгаа. Гэсэн ч заримдаа ургамлын тос эсвэл тахианы гуя дутуу ирэх нь цөөнгүй. Гэтэл Туркменистаны эрх баригчид хүнсний асуудал байгааг хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй албаны сонин хэвлэлд үнэ ханш өссөн тухай мөн картын тухай огт бичдэггүй.