Image description
Наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр БНСУ-ын лабораториос Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагад бүрэн ирүүлсэн байна. Энэхүү шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-ны 17:00 цагт МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлэхээр мэдэгдсэн. Энэ дагуу тус холбооноос хэвлэл мэдээллийн байгууллагуудад шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийсэн билээ. Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдээлэхдээ “18 бөхийн шинжилгээнээс харамсалтай нь дөрвөөс нь допингийн төрлийн бодис илэрлээ гэх хариуг манайд ирүүлсэн. Журмын дагуу бөхчүүдтэй холбогдож хэлж байгаа. Допингийн эсрэг байгууллагаас зөрчилтэй бөхчүүд 10 хоногийн дотор Б сорьцоо шинжлүүлэхийг хүссэн. Бөхчүүд дахин шинжлүүлэх эсэхээ өөрсдөө шийднэ. Бид допингийн эсрэг байгууллагад мэдэгдэнэ” гэв. Допинг илэрсэн бөхчүүд Б сорьцоо шинжүүлсний дараа нэрсийг нь зарлах аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Улсын арслан Э.Оюунболд, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар нарын нэрс яригдаж байгаа юм байна.