АНУ-ын Канзас –Сити хотод 2 сарын 15-нд Үндэсний хөлбөмбөгийн Лигийн (NFL) “Канзас-Сити Чифс” баг аварга болсон баяраа тэмдэглэж жагсаал парад хийсний дараа буудалцаан болсон тухай “ABC News” мэдээлэв. Жагсаалын дараа үл мэдэгдэх хүмүүс “Юнион Стейшн” вокзалын орчимд гал нээжээ. “1 хүн амь үрэгдэж 22 хүн шархадсан, 3 сэжигтнийг баривчиллаа хэмээн хотын Цагдаагийн дарга Стейси Грейвз мэдээлсэн” гэж “The Guardian” дамжууллаа.
Түүнчлэн 2 сарын 15-нд Атланта хотын сургуулийн орчимд үл мэдэгдэх хүмүүс гал нээсний улмаас 4 сурагч шархадсан тухай “Atlanta News First” мэдээлсэн. Сурагчид одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа, ашгүй амь наснаас холуур өнгөрчээ.
Өмнө нь буюу 2 сарын 12-нд Нью-Йорк хотын метронд бас буудалцаан болж 1 охин толгойндоо шарх авсны улмаас амь үрэгдэж 5 хүн шархадсан тухай “New York Post” бичсэн. Бронкс дахь Маунт-Иден станцын хавьцаа зорчигчид маргалдаж үл мэдэгдэх этгээд гал нээж 10 гаруй удаа бууджээ.
Үүнээс 1 өдрийн өмнө Техасын Лейквуд хот дахь Жоэл Остины сүмд бас буудалцаан болсон тухай “ABC13 Houston” дамжууллаа. Гэрчүүдийн ярьснаар бяцхан хүүхдээ тэвэрсэн эмэгтэй 20-30 удаа бууджээ. Цагдаа нар буутай эмэгтэйг газар дээр нь буудаж хөнөөсөн, хүүхэд нь шархдаж бие нь муу байгаа тухай “NBC 5 Dallas-Fort Worth” сонин бичсэн байна. Харин Цагдаагийн дарга Трой Финнер “Буутай бүсгүй 30-35 орчим настай. Тэр 12 цаг 53 минутын орчимд сүмд винтовк буутай орж ирэн гал нээж 2 хүнийг шархдуулсан. Бүсгүй 4-5 орчим насны хүүгээ дагуулж явсан” хэмээжээ.
Иллинойс мужийн Чикаго хотод 2 сарын 1-нд буудалцааны улмаас 1 сурагч амиа алдаж 2 сурагч шархадсан ба нэгийнх нь бие хүнд байгаа талаар “ABC” агентлаг мэдэээлэв. Сургуулийн хавьцаа зугаалж явсан сурагчдын ойролцоо гэнэт машин зогсон хэдэн хүн гарч ирээд гал нээсэн гэнэ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн, сэжигтнүүдийг хайж байгаа тухай хотын Цагдаагийн газар мэдэгджээ.
АНУ-ын сүүлийн хэдхэн хоногийн мэдээллээс түүвэрлэн хүргэлээ, #МЦогзолмаа.