Image description

МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж Их хурлаа ирэх 12 дугаар сарын 6-7ны өдөр хийх товыг гаргалаа. 1080 төлөөлөгчид оролцдог энэ удаагийн их хурал танхимаар явагдаж МАН-ынхан жинхэнэ даргаа сонгоцгооно. Өөрөөр хэлбэл намын дүрэмд заасны дагуу Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг томилдог уламжлалтай. Мэдээж энэ сценариар хурлыг дэг явагдаж, атгасан гар шиг байдаг МАН-ынханд одоогийн даргаа “жинхлэх” үү, заалнаас дэвшүүлэх үү  гэдэг таамгыг нийгэмд төрүүлж болзошгүй. Ямартай ч олон жилийн дунджаас үзэхэд нэгдсэн шийдэлд хүрч одоогийн даргадаа итгэл хүлээлгэх нь гэдэг таамагт тун ойрхон дөхнө. Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үнэмлэхүй ялалт байгуулсан намын даргынхаа “даалгавараар”  9-р Бага хурлаасаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар сонгосон. Төрийн эрхийг барьж буй МАН-ын хувьд энэ сонголт тийм ч алдаатай бус байсныг залуу Ерөнхий сайдын хийж байгаа ажил, хийхээр төлөвлөсөн, ярьж хэлснээс нь харагдах болсон. Бага хурлынхаа үеэр ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “ улстөрийн намууд авлигаас, төр нь хүнд суртлаас ангид байх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн” нь намын гишүүддээ таалагдах бас нэг үндэслэл болсон биз. Тийм болохоор л тэр өнөөдөр буйраа сахиж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеийн хүнд эдийн засагтай улс орноо шал алдуулахгүй удирдан залж явна. Түүгээр ч зогсохгүй өмнөх Засгийн газрын үед хийгдсэн алдаатай гэрээ, төрийн албаны хүнд сурталтай залуу хүний зоригоор тэмцэж байна. Ёстой л залуу хүний ааг омгоор хэцүү хүнд бүхэнтэй нүүр тулж байна. Өнөөдрөөс эхэлж буй МАН-ын зовлон төрийн зовлон болж намын Их хурал хүртэл ил далд, их бага хэмжээгээр бор шувууд хаа сайгүй нисэлдэх нь ойлгомжтой. Аливааг эвлүүлэх, эвдэх нь сэлэм эргүүлэхээс хэцүү. Хамгийн гол нь МАН-д хэн Ерөнхий сайд вэ тэр намын дарга байдаг. Тодруулбал МАН-ын дүрмийн 24 дүгээр зүйлд МАН-ын даргын бүрэн эрхийн 24.2.т МАН-ын даргыг намын Их хурлаас дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар сунгана. 24.3-т УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. 2007 оны 27 дугаар их хурлаас хойш намын дүрэмд орсон заалтаар тухайн үед МАН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд болж тамгаа гардан авснаас хойш уг уламжлал намын дүрэмд орчихсон болохоор тэр. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг хэлц үг МАН-ын Их хурлаар бодит биелэлээ олно. Тэгээд ч хэдийнээсээ л монголчууд дээлний шинэ, хүний хуучин гэж яриад сурчихсан ард түмэн дээ....