Image description
Европын холбооны халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төв (ECDC) өчигдөр омикрон хувилбарын талаар сэрэмжлүүлэг хүргэлээ. “Омикрон штамм ойрын хэдэн сарын турш Европт давамгайлах шинжтэй, дор хаяж хавар хүртэл. Математик загварчлалын аргаар тооцоолж үзэхэд ирэх хэдэн сарын хугацаанд Европын холбоо ба Европын эдийн засгийн бүсэд “SARS-CoV-2”-н халдвар тархсан бүх тохиолдлын талаас илүү хувь нь омикрон байх магадлалтай” гэж “ECDC”- ийн шинжээчид мэдэгджээ. Одоогоор дэлхийн 27 орны 352 хүн омикроны халдвар авсан. Үүнээс 70 нь ЕХ, Европын эдийн засгийн бүсийн 13 орон, бас Норвег, Исланд, Лихтенштейнд ногдож байна. "Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдалд нөлөөлж өөрчлөх маш олон хүчин зүйл байгаа" гэж “ECDC”-н тэргүүн Андреа Аммон цохон тэмдэглэв.
Омикрон штамм анх дэгдсэн нутаг болох Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Эрүүл мэндийн сайд Жо Паахла өнөөдөр “Манай орон Цар тахлын 4-р давалгааны босгон дээр ирлээ. Коронавирүсийн омикрон штаммын халдвар авсан хүмүүс хэрэв вакцинд хамрагдсан бол хөнгөн өвчилж байгаа. Гэхдээ вакцин тариулаагүй хүмүүс энэ хувилбараар халдварлаж эмнэлэгт хэвтэх нь нэмэгдлээ. Сүүлийн 7 хоногт манайд COVID19-ийн өвчлөл огцом өссөн” хэмээн мэдэгдэгдлээ.