Image description
Зам тээврийн хөгжлийн сайд н.Халтарыг өнгөрсөн жилийн туршид ажлыг нь тайван хийлгэхгүй үймүүлж, санаа сэтгэлийг нь зовоож, түүнийг үргэлж чичилж ирлээ. Энэ нь цаанаасаа зохион байгуулалттай, хэсэг хүмүүсийн санаа үйлдэл гэж би үздэг. Магадгүй албан тушаалын төлөөх хэнээрхэл ч байж мэднэ.
н,Халтарт өөрт нь алдаа, оноо байдаг л биз. Ер нь өө сэвгүй юм гэж байхгүй шүү дээ. Одоо он гарлаа урд хийх ажил уул овоо шиг байна. Өвчин эмгэг ужигираж хилийн боомтууд хаалттай, байдал тун хүнд байгаа шүү дээ. Иймд аар саар юмаар бие биеэ гоочлохгүй, дэм дэмэндээ дээс эрчиндээ явмаар байна.
Халтар сайд ажлыг зэгсэн зохион байгуулдаг, асуудалд няхуур нямбай ханддагийг төмөр замчид мэднэ. 2000-аад оны эхээр тэр үеийн Оросын Юкось компаний нэртэй цистерн вагонууд манай замаар хөвөрч байсныг бид мэднэ. Хятадын Эрээн өртөөн дээр эдгээр вагонууд нь суудлын галт тэрэг шиг дугуйгаа солиод цааш явж, эргэж хил дээр дугуйгаа буцааж солиод явдаг байлаа. 2003, 2004 онуудад түүхий нефтийн транзит тээврийн хэмжээ 3 сая тоннд хүрсэн юмдаг. Тариф өндөртэй, өндөр зэрэглэлийн ачаа шүү дээ. Тиймээс төмөр замын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд энэ тээвэр чухал нөлөө үзүүлж байсаан. Сүүлдээ энэ ачаа яасныг мэдэхгүй хойгуур явдаг болсон юм билээ. Халтар ч тэр үед ажилтай ажилгүй болсон санагдана. Бид тэр үед Юкось компаний Ерөнхийлөгч асан Ходорковскийтэй шууд утсаар ярьж, ажлыг зохицуулдаг байснаа санаж байна. Тэд өөрсдийн зүтгүүрээр манай нутгаар ачаагаа тээвэрлэхийг ихэд хичээж байсан. Бид түүнийг нь огт зөвшөөрөөгүй ээ. Улсын дээд удирдлагатай уулзах гэхэд нь Гадаад хэргийн яамаар дамжуулж, хандахаас эхлээд тэдэнд зөвлөж, өөр гарцгүй болгон гэрээ хэлэлцээрийг зөвхөн Тээвэр зуучийн төвөөр дамжуулж хийдэг байлаа.
Халтарын ажил хэрэгч байдлыг үр ашигтай тээврийг зохион байгуулж байсан ганцхан жишээгээр дурдлаа. Нөхрийг чөлөөтэй сэтгэж ажиллах нөхцлийг бүрдүүлээч таминь. Ингэж байж гэмээнэ улс хожно. Авто зам зурайна. Тээврийн бусад төрлийн хөгжил ч түргэснэ. Хэрүүл ихтэй газар хиншүү хүртэл тогтдоггүй гэдгийг сануулаад амины юмаа ард нь тавьж, улсын ажлыг урьд нь тавьж мөрөө сэтэртэл зүтгэж улс орноо хөгжүүлэхийг хүсч, зөвлөж байна.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТЭЭВЭРЧИН Р. РАШ.