Image description
Унгарын эрх баригчид 6 төрлийн хүнсний үнийг төрөөс зохицуулах шийдвэр гаргажээ. Тус орны Ерөнхий сайд Виктор Орбан “Элсэн чихэр, улаанбуудайн гурил, ургамлын тос, гахайн гуя, тахианы цээж мах, 2,8%-ийн тослогтой үнээний сүү гэсэн 6 төрлийн хүнсний үнийг 2021 оны 10 сарын 15-ны өдрийнхөөс нэмж болохгүй. Унгарын бүх дэлгүүрт 2022 оны 2-р сараас эхэлж эдгээр хүнсийг дээр дурсан үеийн үнэ ханшаар зарж борлуулах ёстой. 
Хүнсний бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөөр байгаа тул ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд бид ийм арга хэмжээ авлаа” гэж мэдэгдлээ. 
Түүнчлэн Унгарт бензиний үнийн өсөлтийг хязгаарлаж байгаа ба орон сууцны төлбөрийг бууруулахаар төлөвлөжээ. “Эдгээр арга хэмжээний дүнд хүн амын амьжиргаа дээрдэнэ гэж бид найдаж байгаа. Унгарт хүнсний үнэ нэмэгдсэн гол шалтгаан бол байгалийн хийн үнийн өсөлт” гэж эрх баригчид ярилаа.