Image description
Канад улсын Квебек мужийн эрх баригчид коронавирүсийн вакцин эсэргүүцэгчдэд нэмэлт татвар ногдуулахаар шийджээ. Энэ бол тус орны хамгийн олон хүн амтай муж билээ. Квебек мужийн Ерөнхий сайд Франсуа Лего “Одоо хүртэл эхний тунгаа ч тариулаагүй иргэд удахгүй тусгай татвар төлдөг болно. Энэ бол зохих хэмжээний золиос гаргасан манай оршин суугчдын 90%-д шударга хандаж буй явдал гэж би үзэж байгаа. Вакцин эсэргүүцэгчид үнэндээ бусад хүмүүст санхүүгийн том даралт үзүүлдэг.... Одоо шинэ хуулийн төслийг авч хэлэлцэж зарим нэг нэмэлт оруулж байгаа. Мэдээж эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцин тариулахаас чөлөөлөгдсөн иргэдэд манай шинэ хууль хамаарахгүй. Шинэ татварын хэмжээ 100 канад доллар (79,5 ам.доллар) байх төлөвтэй” хэмээн мэдэгдлээ. “Би-би-си” телевиз “Одоо энд халдварын тоо огцом өсч байгаа тул Квебекийн эрх баригчид ийм арга хэмжээ авахаар шийджээ. Энд коронавирүсээр өвчилж нас барагсдын тоог бусад мужтай харьцуулахад асар өндөр байгаа” гэж мэдээлэв. Макгиллийн их сургуулийн профессор Кэролин Эллс “Вакцин тариулахыг хүсдэггүй хүмүүст татвар ногдуулах нь арай хэтэрсэн алхам үйлдэл. Тэгээд ч зугаа цэнгээний газрууд, ажлын байран дээр очихыг хязгаарлах нь коронавирүсийн эсрэг тэмцэлд үр дүнгээ өгч байгаа” хэмээн ярьсныг “Reuters” дамжууллаа. 
Квебек мужийн оршин суугчдын 12,8% нь вакцинжуулалтад хамрагдаагүй аж, үүний зэрэгцээ коронавирүсээр өвчилж эмнэлэгт хэвтэгсдийн тал нь вакцингүй хүмүүс  юм байна. Бүс нутгийн хамгийн том Монреаль хотын эмнэлгүүд ачааллаа даахаа больжээ. Одоо Квебек мужийн эмнэлгүүдэд ковид туссан 2742 өвчтөн хэвтэж буйн 244 нь Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. 
Грек улс мөн вакцины татвартай болж байгаа тухай манай сайт өмнө хүргэсэн. Энэ улсын вакцин хийлгээгүй, 60-аас дээш насны иргэд сард 100 евро төлөхөөр болсон билээ. Харин Сингапурт вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд эмнэлэгт өөрийн зардлаар хэвтэх ёстой гэсэн хууль хэрэгжиж байгаа.