Image description
Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохиогчийн гаргасан гомдлоор Улсын Дээд шүүх Өнөөдөр  буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр  хуралдлаа. Хурлаар “Кью Эс Си” компаниас Хөгжлийн банкнаас авсан зээл, зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 192 тэрбум 572 сая /нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар/ төгрөгийг бүхэлд нь гаргуулж тус банканд олгуулах шийдвэр гаргалаа. “Кью Эс Си” ХХК нь Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөлт өдий хүртэл хийгээгүй ноцтой зөрчил гаргасан гэх 9 компанийн нэг юм. Тодруулбал, “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулсан. Гэвч авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар ирсэн байна. Тодруулбал, тус компани 2015 онд 71.3 сая ам.долларын зээлийг жилийн найман хувийн хүүтэй авч, 2018 оны арванхоёрдугаар сард төлж дуусгах байсан ч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй явж ирсэн байна. Иймд прокурорын байгууллага тус компаниас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж, шүүхэд хандаж, Дээд шүүх өнөөдөр дээрх шийдвэрийг гаргасан байна. 
         Эргэн сануулахад, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын дүн, эргэн төлөлтийг шалгах ажлын хэсгийг ахалж, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг олон нийтэд мэдээлж байлаа. Тодруулбал, Хөгжлийн банк эргэн төлөлт авч чадаагүй, ноцтой зөрчилтэй гэж үзсэн 9 зээлдэгчийн зээлийн мэдээлэл, арилжааны банкуудтай өрсөлдөж, жижиг төслүүд санхүүжүүлсэн, зээлийн бүтцийн өөрчлөлтөөр зээлдэгчид давуу эрх олгож, тухайлан нэг зээлдэгчид найман удаагийн бүтцийн өөрчлөлт хийсэн, мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татсан зэрэг томоохон зөрчлүүд энд яригдаж байлаа. Зээл авах үед Кью Эс Си ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь: МИК-ийн ТУЗ-ийн дарга асан М.Мөнхбаатар 20 хувь,   ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын хүү Г.Хүрэлбаатар 30 хувь,  ТДБ Секьюритис 30 хувь, Хөгжлийн банкны ажилтан А.Бат-Оргил 30 хувийг тус тус эзэмшиж байсан бөгөөд тухайн үед зээл авах, гэрээ байгуулах зөвшөөрлийг тус компанийн толгой компани болох “Куалити Стийл” ХХК олгосон бөгөөд ТУЗ-ийн дарга нь Д.Эрдэнэбилэг байжээ.  “Эрдэнэт”-ийн 49 хувийн бүлэглэлтэй одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа идэвхтэй тэмцэж байсан. Өнөөдрийн Дээд шүүхийн шийдвэр ч энэ тэмцлийн нэг хэсэг болох нь харагдаж байна. Гэхдээ асуудал ганц “Кью Эс Си” ХХК-иар дуусахгүй. Хөгжлийн банканд эргэн төлөлтөө хийгээгүй бусад компаниудаас ч улсын мөнгийг авах ёстой. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль зөрчиж, улсад ноцтой хохирол учруулсан энэ мэт нөхдүүдтэй амалсан шигээ нам харгалзахгүй тэмцэж чадах эсэхийг олон нийт харсаар байгааг дахин сануулъя.