Image description
Хятад улсын нийслэл Бээжин хотын баруун хэсэгтт орших нэгэн компаний ажилтан бүсгүйгээс коронавирүсийн омикрон штамм илэрсний дараа эрх баригчид тухайн компаний барилгыг доторх ажилтнуудтай нь цуг битүүмжилж карантин тогтоосон тухай “CNN” мэдээллээ. Бүхэл бүтэн барилгыг хааж цоожлон, хүмүүсийг эмнэлэг, тусгаарлах байр буюу гэрт нь биш шууд ажлын газар дээр нь тусгаарлан хорьжээ. Ажлын байран дээрээ хоригдсон хүмүүст ор хөнжил зэрэг чухал хэрэгцээт зүйлсийг Хотын захиргааны шийдвэрээр хүргэж өгчээ. Барилга доторх бүх хүнээс тест авч омикрон штамм байгаа эсэхийг шалгаж байна. Барилгын гадаа босгосон хэдэн майханд ажилтнуудаас авсан сорьц дээжийг шууд шинжилж эхэлсэн аж. Карантин хэд хоног үргэлжлэх ба чухам хэзээ дуусахыг хотын эрх баригчид шийднэ. Түүнээс гадна омикронтой эмэгтэйн амьдардаг дүүргийг бүхэлд нь бүслэн хаажээ. Түүний сүүлийн 14 хоногт харьцсан хүмүүс, явсан газруудыг тогтоож байна. Гэхдээ энэ эмэгтэй сүүлийн 2 долоо хоногт гадаад руу яваагүй, иймээс омикрон хувилбар аль хэдийн Бээжинд дэлгэрсэн гэсэн таамаглалыг тоймч нар дэвшүүлж байна. Үүний зэрэгцээ зарим судлаач "Тэр эмэгтэй гадаадаас ирсэн шуудангийн илгээмжээс халдвар авсан байх магадлалтай" гэж мэдэгдлээ. 
Одоогоор Бээжинд омикроны халдвар нэмж илрээгүй байна. Сануулахад, Хятад улс өмнө нь 3 их хотдоо Хөл хорио тогтоосон. Одоо Сиань, Ючжоу, Аньян гэсэн 3 хотод 20 сая хүн гэртээ хоригдож байгаа.