Image description
Америк өнөөдөр коронавирүсийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Манай гарагийн нийт халдварын 20,39% нь энд бүртгэгдсэн. “Америк даяар бүх эмнэлэг дээд хүчин чадлаараа ажиллаж байна. Коронавирүсийн омикрон штаммын халдвартай хүмүүст зориулан төлөвлөгөөт мэс заслаа хойшлуулах боллоо. Эмнэлгийн ажилтнуудын хомсдол үүсэв, тэдний ихэнх нь ковидоор өвчилсөн. Үүний улмаас нөхцөл байдал улам хүндэрлээ” гэж “NBC” мэдээлэв. Калифорнид Түргэн тусламжийн машинууд маш удаж ирж байна, мөн төлөвлөгөөт мэс заслуудыг хойшлуулжээ. Орегонд олон зуун мэс заслыг цуцалсан бол Массачусетсийн сүлжээ эмнэлэг 7 хоног бүр 2000 гаруй мэс заслыг хойшлуулах болжээ. Массачусетсийн поликлиникийн Түргэн тусламжийн тасгийн эмч Али Ража “Бид өвчтөнүүдээ гудманд, хүлээн авах танхимын сандал дээр эмчилж байна. Өнгөрсөн 7 хоногт бид Түргэн тусламжийн тасгийн зарим хэсгийг хаах шаардлагатай болсон, яагаад гэвэл ажиллах бага тушаалын эмнэлгийн ажилтнууд байхгүй” гэж ярилаа. АНУ-ын ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ерөнхий эмч Вивек Мёрти “Манайд 1 тэрбум тест бий, вэб сайтаар дамжуулан захиалж худалдан авч болно. Гэхдээ энэ арга хэмжээ жаахан хожимдлоо, омикрон штамм хурдан тархаж байна” хэмээв. 
Азаар нөхцөл байдал тогтворжиж байгаа хэмээн АНУ-ын ХМХ мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд Чикаго, Вашингтон, Нью-Йорк зэрэг том хотод эмнэлэгт хэвтэгсдийн тоо өсөхөө больж, өдөр тутам илэрч буй халдварын тоо бага ч болов буурч байгаа аж. Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хокул “Ковидын өвчлөл буурч эхэлнэ гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүллээ, энэ бол их эерэг мэдээ” хэмээжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар ковидтой хүний тоо 331’ 583’752 хүрч 5’564’022 нь нас барсан ба 269’154’297 хүн эдгэрсэн гэж “Worldometers” сайт мэдээллээ. Хамгийн олон халдвар АНУ-д бүртгэгдсэн, 67’631’191. Энэ улсын 874’321 хүн ковидоор нас баржээ.