Image description
“Казахстан даяар тогтоосон Онц байдлыг 1 сарын 19-ний шөнө дундаас цуцаллаа. Ингээд улс орон маань хэвийн амьдралдаа шилжлээ. Онц байдлын үеэр тогтоосон комендантын цаг, бусад хязгаарлалтыг мөн цуцалсан” гэж тус орны Ерөнхийлөгч Токаевын хэвлэлийн албаны дарга Берик Уали мэдэгдлээ.
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ард түмэндээ хандаж орос, казах хэлээр үг хэллээ. Тус улсад үймээн самуун дэгдсэнээс хойш тэрбээр анх удаа ийнхүү олон нийтийн өмнө гарав. “Эрхэм эх орон нэгтнүүд ээ, 1-р сарын үйл явдал Казахстаныг бүхэлд нь донсолголоо. Эмх замбараагүй байдал дэгдээгчид, Казахстанд халдагчдын гол зорилго нь манай эх орны бүрэн бүтэн байдал, төр засгийг сүйрүүлж устгах байсан. Тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстойг эдгээр үйл явдал харууллаа... Би 2019 онд бүрэн эрхээ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт шилжүүлснээс хойш тэтгэврийн хүн болсоон.... Би хаашаа ч яваагүй ээ, нийслэл хотдоо байгаа... Ерөнхийлөгч Токаев бүрэн эрх мэдлээ эдэлж байгаа, тэр бол Аюулгүйн зөвлөлийн тэргүүлэгч, удахгүй "Нур Отан" намын тэргүүнээр сонгогдох болно. Иймээс манай орны элитүүдийн хооронд ямар ч зөрчил сөргөлдөөн бхгүй... Би эх орныхоо төлөө 30 жил гар хумхилгүй ажилласан. Бид улсынхаа хил хязгаарыг бэхжүүлэн дэвшилтэт шинэчлэл өөрчлөлтийг хийсэн, бид хамтдаа бие даасан Казахстаныг байгуулж нийгэм, эдийн засгийн хөгжилд том амжилтад хүрлээ. Манай орон олон үзүүлэлтээр Төв Азидаа төдийгүй Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлдөө манлайлдаг. Казахстан одоо дэлхий нийтэд алдартай, нэр хүндтэй улс болсон. Энэ бол бүх казахууд нэгдэн нягтарч ажилласны үр дүн. Улс орноо тогтвортой, амар амгалан байлгах нь үргэлж миний зорилго байж ирсэн. Бид бүгдээрээ энэ бүх мөнхийн үнэт зүйлсээ хайрлан хямгадах ёстой. Бид заавал энэ хямралыг даван туулж улам хүчирхэг болно. Манай Ерөнхийлөгч ард түмнийхээ амьдралыг сайжруулах өөрчлөлтийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ, энэ хөтөлбөрийг дэмжих хэрэгтэй. Эрхэм эх орон нэгтнүүддээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе! Төрийн тэргүүн байхдаа явуулсан миний шинэчлэлийн бодлогыг дэмжиж байсан та бүхэндээ талархая.” хэмээн экс Ерөнхийлөгч Назарбаев мэдэгдлээ. 
Гэхдээ бүх зүйл харагдаж байгаа шигээ биш хэмээн “Новая газета” сэрэмжлүүлж байна. “Тулаан дуусаагүй ээ... Елбасы буюу үндэстний жолоодогч Нурсултан Назарбаев бараг л “Надтай ярих юм байхгүй, бүх эрх мэдэл Ерөнхийлөгчид байгаа. Буудалцаан, урссан цусны хариуцлагыг түүнээс нэх” гээд хэлчихлээ. Токаев одоо Казахстаны хууль тогтоомжийн хуулийн занганд байгаа. Яагаад гэвэл, энэ улсын хуулиар Нурсултан Назарбаев мөнхийн эрх мэдэлтэй. Тэр ард түмэндээ болон төрийн байгууллагууд, албан тушаалтнуудад хандах эрхтэй, төр засгийн чухал асуудлууд ба дотоод гадаадын улстөр, аюулгүй байдал... тухай санаа санаачилгаа илэрхийлэх эрхтэй. Түүнийг нь төрийн байгууллагууд ба албан тушаалтнууд заавал авч хэлэлцэж шийдвэрлэх үүрэгтэй. Елбасы бол парламентад үг хэлэх эрхтэй, Казахстаны Үндсэн хуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг.... Улсын гадаад дотоод бодлогыг заавал Назарбаевтай хэлэлцэж тохирох ёстой... Түүний үйл ажиллагаанд саад тотгор учруулах, олны өмнө гутаан доромжлох, нэр хүндэд халдах, хөрөг зургийг нь сүйтгэвэл хуулиар шийтгэх ёстой... Назарбаев халдашгүй эрхтэй, өөрөөр хэлбэл түүний өмнө ба одоо хийж буй алхам үйлдлийн төлөө хариуцлагад татаж болохгүй.... Түүнийг баривчлах, хорих, нэгжих, байцаах ч хориотой.... Энэ халдагүй эрх нь Назарбаевын бүх өмч хөрөнгөд хамаатай, түүнтэй хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдэд ч гэсэн.... Ийм учраас Токаев бол үүрд мөнхөд хоёрдогч хүн... Токаев бие даасан Ерөнхийлөгч болохын тулд энэ хуулийг эсвэл түүний зарим заалтыг цуцлах ёстой болно. Назарбаев мэдээж төрд эргэж ирэхгүй, гэхдээ Казахстаны эрх мэдлийн төлөөх том тулааны дараа үлдсэн гэр бүлийнхнээ тэр цуглуулж жокерийн тоглоомын ширээн дээр шидэх боломжтой.... Тэтгэврийн хоёр хөгшний тулаанд өөрийн хөзрөө авчирсан нь ялна.... Тулаан дуусаагүй...” хэмээн тус сонины нийтлэлд дурджээ.
Орчуулсан #МЦогзолмаа.