Image description
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхийг Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгав. Мөн       Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусгагдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд” чиглэлийн хурдны зам автозамын төслийн “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөл бүхий концесс олгох төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгав. 2022 оны хоёрдугаар сард багтаан олон улсад нээлттэй тендер зарлахыг үүрэг болголоо.  “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах дэвшилтэд технологийн судалгаа, туршилт хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг холбогдох хүмүүст даалгав.  Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцийн 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.