Image description
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Орос хэрэв Украинд халдвал хариугаа хүртэх болно. Гэхдээ бүх зүйл оросуудын алхам үйлдлийн хэм хэмжээнээс хамаарна. Хэрэв ялихгүй, багахан газрыг эзлэн авбал нэг хэрэг. Бид цаашид ямар арга хэмжээ авах талаар маргаж мэтгэлцэх болно. Харин тэд үнэхээр том юм хийвэл (хил дээр цуглуулсан том бүлэглэлийг нь тооцож үзвэл) Оросыг сүйрэл хүлээж байгаа” хэмээн мэдэгдлээ. “Ялих шалихгүй, жаахан газар руу халдвал....  гэсэн Байдены мэдэгдлийг сонсоод олон хүн мэл гайхаж цэл хөхөрлөө” гэж “CNN” онцлон тэмдэглэв. “CNN” агентлагийн олон улсын ахлах сэтгүүлч Мэтью Чанс “Энэ мэдэгдэл украинчуудыг их гайхашруулсан. Нэг түшмэл шоконд орсноо ярьж, “Том халдлага болбол тэгнэ, бага бол ингэнэ гэж бидэнтэй өмнө ярьж тохироогүй” гэсэн. Ийм хандлага нь үнэндээ Путин хэрэв хүсвэл хязгаарлагдмал хэмжээний нутаг эзэлж авахыг Америк зөвшөөрч буй хэрэг, АНУ зүгээр л хориг тавиад өнгөрөөх нь гэж тэд түгшиж байна. Байден маш хөндүүр газрыг хөндлөө... АНУ, ОХУ-ын түшмэд хаалттай хаалганы цаана украинчуудгүйгээр Украины ирээдүйг авч хэлэлцэж магадгүй гэж тэд үзэж байгаа” хэмээн мэдэгдлээ. 
Кремль дээрх мэдэгдэлд дор нь хариу барилаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Оросын эсрэг хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Байдений ширүүхэн сүрдүүлэг, мэдэгдэл нь Европт одоо үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаахад тус болохгүй, харин ч нөхцөл байдлыг тогтворгүй болгож магадгүй. Тэр бүү хэл зүүн урд нутгийн асуудлаа хүчээр шийдэх алдаатай бодол, найдварыг Украины эрх баригчдын “халуухан толгойд" хийж байна” хэмээн мэдэгдлээ. 
“Associated Press” агентлаг харин Ерөнхийлөгч Байдены мэдэгдлийн дараа “Орос өөрийн цэргээ Украинд оруулсан ч Ерөнхийлөгч Байден армиа тийш илгээхгүй. Украины өмнө хүлээсэн ямар нэг үүрэг гэрээ Америкт байхгүй, иймээс цэргүүдээ Украин руу явуулахгүй. Түүнээс гадна Оростой сөргөлдөнө гэдэг АНУ-д маш том авантюр. Дайн дажин Европыг бүхэлд нь хамарч бүр цөмийн довтолгоонд хүргэж болзошгүй... Америк ийм зөрчилд орсноор олон хүн амь үрэгдэнэ, их хүч ба нөөцөө “уячихна”. Гэтэл Вашингтон аюулгүй байдлын гол дайснаа Хятад гэж үзэн хамаг анхаарлаа тийш төвлөрүүлэх гэж оролдож байгаа” хэмээн сэрэмжлүүлжээ.