Image description
“COVID”-н мутациудын эсрэг ямар вакцин илүү болохыг, ялангуяа омикрон штаммын эсрэг ямар вакцин үр дүнтэй үйлчилж байгааг Италийн эрдэмтэд тодрууллаа. Италийн Ладзаро Спалланцаний нэрэмжит Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хэдэн сарын турш бие даасан судалгаа явуулжээ. Тус хүрээлэн бол “COVID-19”-н Цар тахлын үед Европт хамгийн түрүүнд коронавирүсийн геномын дарааллыг тодорхойлсон, мөн энд штаммуудын хамгийн том цуглуулга бий, бас Европын холбоонд хамгийн томд тооцогдох вирүсүүдийн банктай. 
Италийн эрдэмтэд ижил нөхцөлд “Спутник V” ба “Pfizer” вакциныг харьцуулахад анхны хувилбар буюу Уханий штаммын эсрэг 2 вакцин хоёулаа сайн үйлчилж байв. Харин омикроны эсрэг 2 вакцины эсрэг биетүүдийн тоонд ялгаа гарч буйг эрдэмтэд шууд анзаарчээ. Судалгаа шинжилгээнээс үзэхэд омикрон хувилбарын эсрэг үйлчлэх эсрэг биетүүдийн хэмжээ “Спутник V” вакцин тариулсан хүмүүсийн цусны ийлдэст 74,2% байсан бол “Pfizer” хийлгэсэн хүмүүсийнхэд ердөө 56,9% байлаа. Үүний зэрэгцээ “Pfizer” вакцинтай хүмүүсийн дархлаа нь 3 сар, 6 сарын дараа эрс унаж эхэлжээ. Харьцуулахад, “Спутник” тариулсан хүмүүсийн дархлаа тогтвортой,  улам нэмэгдэж байв. “Эцсийн дүгнэлт гаргахад Оросын “Спутник V” вакцин нь Америкийн “Pfizer”-аас 2,5 гаруй хувиар сайн үзүүлэлттэй байна. Түүнчлэн “Спутник Лайт”-г бүүстэр тун болгож Оросын болон бусад вакцины дараа сонгож хийхэд илүү сайн үр дүн өглөө” хэмээн Италийн эрдэмтэд мэдэгдэв. Хамаг учир “с-уурагт” байгаа аж, чухам түүгээр вирүсээс хамгаалах вакцин үйлдвэрлэдэг юм байна. “Pfizer”-аас ялгаатай нь Спутникийн “с-уураг”  хөдөлгөөнтэй аж. Гамалеин нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург “С-уураг байнга янз бүрийн байдалд шилждэг, үүний дүнд Спутник V ашигласны дараа үүсч буй саармагжуулах эсрэг биетүүдийн спектр нь өөр бусад вакцины эсрэг биетүүдийн спектртэй харьцуулахад илүү өргөн хүрээтэй” хэмээн мэдэгдлээ. 
Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев “Спутник вакцин бол омикрон хувилбарын эсрэг хамгийн сайн, үр дүнтэй үйлчилж байгаа. Түүнчлэн эхний вакцинжуулалтын дараа 6 сар өнгөрсний дараа бүүстэр тундаа "Спутник Лайт" тарих нь зүйтэй. Орос бол дэлхийн хамгийн сайн вакцин хөгжүүлсэн орон, Гамалеи төвийн гайхамшигтай эрдэмтдийн ачаар манай вакцин ковидын хүндрэлээс сэргийлж оросуудын төдийгүй даян дэлхийн хүмүүсийн амь насыг аварч байна. “Pfizer” ба “Moderna” зэрэг вакцинтай харьцуулахад манай "Спутник" үнэхээр вирүсийг илүү сайн саармагжуулдаг. Гадаадын вакцины үр дүн 4-5 сарын дараа унадаг, ийм учраас Европт ковидын өвчлөл нэмэгдсээр байгаа. Харин манай "Спутник Лайт"-аар бүүстэр тун хийвэл дархлаагаа нэмэгдүүлэх боломжтой” хэмээн мэдэгдлээ. 
Өмнө нь Аргентины эрдэмтэд мөн бие даасан судалгаа явуулж Оросын вакцины үр дүнг баталсан тухай манай сайт хүргэсэн билээ: "Спутник V" хугацаа өнгөрөх тусам сайн хамгаалдаг" http://massnews.mn/a/1427.

Орчуулсан #МЦогзолмаа