Image description
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улсынхаа бизнесмэнүүдийг дуудаж уулзалт хийлээ. “Манай орны хүн амын тал нь сард 50 мянган тенге авдаг, энэ мөнгөөр амьдрах боломжгүй. Казахстаны ердөө 162 иргэн тус орны эд баялгийн талаас илүүг эзэмшдэг гэсэн олон улсын шинжээчдийн баримт бий. Нийгэм ингэж туйлширч хуваагдаж тэгш бус байдал газар авч байгаа нь маш аюултай. Баячууд ба ядуусын ялгаа байж боломгүй түвшинд хүрчихжээ. Ийм нөхцөл байдлыг яаралтай өөрчлөх ёстой, энэ нь олон талаар эрхэм бизнесмэнүүд та нараас хамаарна” гэж Ерөнхийлөгч Токаев мэдэгдсэн тухай “KazTAG” дамжууллаа. Дашрамд дуулгахад, 1 доллар өнөөдөр 436.84 тенге-тэй тэнцүү. 50 мянган тенге ойролцоогоор 114,5 доллартай тэнцэж байна.
"Асар их хэмжээний бизнес цөөхөн гарт хуримтлагдсан, үүнээс болж олон түмэн өөрийн эх орон, шударга ёс зүйд итгэх итгэлгүй болж хамаг найдвараа барж сэтгэл гутралд орж байна.... Манай оронд олигополи тогтсон, өөрөөр хэлбэл бизнес бүхэлдээ ганц нэг гарт төвлөрч үүний зэрэгцээ бусдад боломж олгохгүй байгаа. Энэ бол аливаа улс оронд аюултай үзэгдэл. "Яагаад бизнесийн бүх төрөл ганц нэг гарт очив? Бид юугаараа дутуу юм?” гэж казахууд асууж байна. Гегелийг Бабельтай андуурдаг, тусгай боловсрол ч үгүй хүмүүс бий, гэтэл тэд бүх бизнесийг гартаа авчээ. Боловсролтой иргэд маань нөөц баялаг, бизнесийн эх үүсвэрт хүрэх боломжгүй, зээл ч авч чадахгүй байна. Хамаг бизнес тэдний хажуугаар урсан өнгөрч байна...  нийгэм, эдийн засгийн хор уршиг эндээс эхлэлтэй. Авлига, хээл хахуулийн зэрэгцээ казахуудын орлогын ялгаа туйлдаа хүрсэн нь 1-р сард үймээн самуун дэгдэх үед дарьтай торхыг асаах чүдэнз болж өгсөн. Үүнийг террористууд, хуйвалдагчид ашиглалаа" хэмээн Ерөнхийлөгч Токаев мэдэгджээ.