Image description

Хятадын Бээжин хотын зарим дүүрэгт хөл хорио тогтоож, түүнчлэн коронавирус тархахаас сэргийлэн нийслэлээс гарч явахыг хоригложээ. Одоо тус хотоос гарах авто машины бүх зам дээр хяналтын пост байрлуулж эхэлсэн тухай тус орны эрх баригчид мэдээллээ.

Хятадын нийслэл хотод бямба гарагт 36, ням гарагт бас 36, даваа гарагт 27 хүн гээд сүүлийн 3 хоногт нийт 99 хүн COVID-19-ийн халдвар авсныг илрүүлжээ. Гэхдээ энэ тоонд коронавирусын халдвар авсан ч ямар нэг шинж тэмдэг илрээгүй хүмүүс ороогүй юм байна. Халдварын голомт нь далайн гаралтай хүнсний зах болохыг мэргэжилтнүүд олж тогтоожээ.

Бээжингийн 6 том хүнсний захын үйл ажиллагааг зогсоож, эндхийн ажилчин, үйлчлүүлэгч гээд олон мянган хүнийг тестэд хамруулж эхэлсэн аж. Бээжингийн эрүүл мэндийн хороо өмнө нь хотоос гарсан хүмүүст хандан одоо байгаа орон нутгийн захиргаанд нэн яаралтай хандахыг шаардаж байна

Өнгөрсөн нэг хоногт Хятад даяар 40 хүн коронавирусын халдвар авсан тухай тус орны Ариун цэвэр, эрүүлийг хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн хороо мэдэгдлээ. Энэ улсад өнөөдрийн байдлаар COVID-19 -өөр өвчилсөн 210 хүн эмчлүүлж байна, өчигдөр 7 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Харин 5 өвчтөний бие нилээд хүндхэн байгаа аж. .