Image description
Оросын Москва хотод гавьяат дасгалжуулагч Этери Тутберидзегийн “Мөсөн дээрх аваргууд” шоу явагдлаа. Олимпийн болон дэлхийн, Европын, Оросын аваргууд ийнхүү нэг дор цугларчээ: Камила Валиева, Анна Щербакова, Александра Трусова, Алина Загитова, Евгения Медведева, Елизавета Туктамышева, Никита Кацалапов, Виктория Синицина, Евгения Тарасова, Михаил Коляда, Владимир Морозов, Морис Квителашвили, Анастасия Мишина, Александр Галлямов, Дарья Усачева, Майя Хромых, Аделия Петросян, Арсений Федотов....Шоуны дараа Валиева, Трусова, Загитова нар сэтгүүлчидтэй харьцахаас татгалзжээ.
Олимпийн аварга Камила Валиева энэ шоун дээр “In memoriam” богино хөтөлбөрөө танилцуулав. Тэр давхар аксель, гурвалсан флип, гурвал лутц-гурвал тулуп гэсэн 5 харайлтыг гайхамшигтай, цэвэр гүйцэтгэв. Харин Олимпийн мөнгөн медальт Александра Трусова “Би замын дундаас буцахгүй” хэмээх дууны аянд тоглолтоо үзүүлсэн (дуучин Ёлкагийн). Камила Валиева өмнө нь ярилцлага өгөхдөө “Ээж маань анхнаасаа л намайг тамирчин болно гэдгийг ойлгосон гэсэн. Би 3 настайгаасаа уран сайхны гимнастик, хореографи, уран гулгалтаар хичээллэж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа би өөрөө уран гулгалтыг сонгов, яагаад гэвэл мөсөн дээр эргэлдэх надад их таалагдаж байлаа. Тэр үед мэдээж гүн гүнзгий бодол эргэцүүлэл байгаагүй, дан мэдрэмжээрээ л сонгосон. Миний хүүхэд нас онцгой байсан гэж хэлэхгүй, бусдын л адил. Сургууль, дуртай хоббигоороо хичээллэх гээд л. Харин дасгалжуулагч Этери Тутберидзегийн бүлэгт орсны дараа л уран гулгалт бол хобби биш, миний амьдралд маш том ач холбогдолтой гэдгийг би ухаарсан юм. 2 өдөр л сургуулилт хийхгүй бол ачааллаа үгүйлдэг" хэмээн ярьсан билээ.