Image description
Дэлхийн алдартай тамирчин Мария Шарапова ээж болох гэж буйгаа 35 насны босгон дээр шүтэн бишрэгчиддээ мэдээлжээ. Мария 2020 оны 12-р сард Английн бизнесмэн Александр Гилксийн гэрлэх саналыг хүлээн авч сүй тавьсан юм. Тэд 2018 онд танилцжээ. Александр Гилкс бол “Paddle8” дуудлага худалдааны ордныг үндэслэгч билээ. 
Оросын иргэн Мария Шарапова бол цагтаа дэлхийн №1 теннисчин явсан, “Том дуулга” тэмцээнд 5 удаа ялж энэ алдарт цомын бүх тэмцээнд (өөр өөр онд) түрүүлсэн 10 эмэгтэйн 1. Мөн Мария “WTA”-н 39 тэмцээнд ялсан (36 удаа ганцаарчилсан төрөлд), Холбооны цомын аварга, Олимпийн наадмын мөнгөн медальтан билээ. Тэрбээр 2020 оны 2-р сард спортоо албан ёсоор орхисон ч өөрөө хөлжсөн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад багтдаг. Мария түүнчлэн “Forbes” сэтгүүлээс гаргадаг “Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчны жагсаалт”-д 11 жил дараалан бичигдсэн юм.