Image description

Түрээслээд, өмчлөх эрхтэй орон сууцны эхний ээлжид Эрүүл энхийн манаад өдөр шөнөгүй ажиллаж байгаа цагаан нөмрөгтнүүдийг багтаахаар болсон. Тэдний нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэх боломжтой бүрдсэн УИХ-ын нэгэн тогтоол батлагдсан нь “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол байсан юм. Тогтоолд  эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албаныханд 4000 орон сууц олгох заалтыг тусгасан. Үүний хүрээнд 06 дугаар сарын 09-ны өдөр Шадар сайд ХӨСҮТ-ийн 10 ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулан өгсөн. Тэгвэл түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцны эхний ээлжид орох дараагийн 400 эмч мэргэжилтэн, эмнэлгийн ажилтан ирэх долоо хоногт орон сууцныхаа батламжийг гардан авахад бэлэн болсон байна.   

Дэлхий нийтийг цочирдуулж буй коронавируст халдварын үед бүх л улс орны эмч эмнэлгийн ажилтнууд хүнд нөхцөлд, ар гэрээ умартан багаар ажиллаж байгаа. Зарим улс оронд эмч эмнэлгийн ажилтнууд ажил хаяж, өргөсөн тангаргаасаа няцаж байгаа энэ цаг үед манай улсын эрүүл мэндийн салбар, эмч эмнэлгийн ажилтнууд цар тахлаас иргэдээ урьдчилан сэргийлэх ажлыг маш шуурхай зохион байгуулж, вирусээр халдварласан иргэдээ маш сайн эмчилж, нас баралтгүй цор ганц улс байгааг бусад улс орон сайшаан магтаж байна.

Засгийн газар, УИХ-аас онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдаа зүгээр нэг хоосон магтаад орхисонгүй. Тэдний ар талд санаа зовнин, хамт түгшиж буй ар гэрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр дээрх тогтоолын төслийг боловсруулж хэрэгжүүлж эхлээд байгаа нь энэ юм.

Салбарын сайд Д.Сарангэрэл тогтоолын төслийг хэлэлцэж байхад өөрийн саналаа хэлэхдээ “Манай салбарын асуудал их учраас  ажилчдын нийгмийн асуудлыг тэр бүр шийдвэрлэж хүчирдэггүй. Энэ хүнд цаг үед шинэ барилгын талаар бид ярихгүй. Харин эмч, мэргэжилтэн, ажилтнуудын орон байрны асуудалд анхаарах шаардлага бий.

Эхний ээлжид  4000 орон сууцанд төрийн албан хаагчдыг оруулна гэж байна. Үүний 80 хувьд нь эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй. Бусад салбарынхан өөр өөрсдийн салбарын хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Өнөөдөр энэ дэмжлэг манай салбарынханд ус, агаар мэт хэрэгтэй байгаа” гэж хэлж байсан юм. Сайдын энэ үг шийдвэрт нөлөөлж түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцны эхний ээлжид эрүүл мэндийн салбараас тэр дундаа энэхүү цар тахалын хүнд үед бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнууд хамрагдаж байгаад садбараараа баяртай байгаа юм.