Япон орны профессор Юсукэ Нарита өөрийн орны хүн ам их хөгширч буйд “санаа зовж” өвөрмөц, этгээд санаачилга гаргажээ. “Японы хүн амын нилээд хэсгийг хөгшчүүл эзлэх болсноор төр засаг маань эрүүлийг хамгаалах систем, Тэтгэврийн сан зэргийн үйл ажиллагааг хэвийн явуулж чадахаа больж нийгмийн халамж тэтгэмжийн мөнгийг өгөх боломжгүй болжээ.... Өндөр настай япончууд олуулаа нийлж амиа хорлохыг би санал болгож байна” хэмээн 37 настай профессор Юсукэ Нарита “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Сурвалжлагч энэ талаар "Тэр зүгээр л дэлхийн олон орны Засгийн газрыг зовоож буй нэн эмзэг асуудлыг ил тод ярьж нууц товчлуурыг дарчихлаа" хэмээн тайлбарлажээ.
Эрдэмтэн Юсукэ Нарита өөрөө АНУ-ын Йелийн их сургуульд багшилдаг аж. Түүнийг 19 настай байхад эх нь хүнд өвчин тусчээ. Иймээс Нарита эхийгээ асрахад сард 100 мянган иен зарцуулдаг юм байна. Тэрбээр уг нь амиа хорлолтын тухай бүр 2021 оны сүүлээр лекц уншихдаа "Миний бодлоор Японы хүн амын хөгшрөлтийн асуудлыг шийдэх цорын ганц арга бий, мэдээж энэ бол бөөн бөөнөөрөө амиа хорлох. Ахмад настнууд сүрэг сүргээрээ харакири хийх ёстой” гэж мэдэгдсэн аж. Дашрамд дурдахад, харакири буюу сэппуку гэж гэдсээ хүүлж амиа хорлох зан үйл бөгөөд дундад зууны Японд самурайчуудын дунд өргөн түгсэн үзэгдэл.
Япон өнөөдөр хүн амын хөгшрөлтөөр дэлхийд тэргүүлдэг төдийгүй төрөлт хамгийн бага орнуудын нэг. Өнгөрсөн жил 75-аас дээш настай япончууд анх удаа нийт хүн амын 15%-иас их болжээ. Одоо Японд энэ насны 19,73 сая хүн аж төрдөг ба 100-гаас дээш настнуудын тоо 90,5 мянга давсан. 2053 он гэхэд энэ орны хүмүүс 100 сая болж цөөрөх төлөвтэй, одоо 126 саяулаа билээ. Эдийн засгийн дарамт ачаалал улам нэмэгдэж буйн улмаас Японы Засгийн газар тэтгэвэрт гарах насыг нэмэх тухай асуудлыг авч хэлэлцэж байна. Тиймээс япончууд одоо 60-70 насандаа тэтгэврээ тогтоолгож болох аж.
Сонирхуулахад, хүмүүсийг алагчилж ялгаварласан хууль өмнө нь Японд баталж байсан. Сэтгэцийн ба генийн согогтой хүмүүсийг албан журмаар цэвэршүүлж үр удмыг нь таслах хууль 1948 онд гарч олон арван жилийн турш хүчин төгөлдөр хэрэгжсэн юм. Тэр бүү хэл 10 жилийн өмнө Японы Сангийн сайд Таро Асо “Ахмад настнууд үхэх гэж яарах ёстой” хэмээн мэдэгдсэн удаатай. Ийм учраас профессор Наритагийн дэвшүүлсэн санаачилгын дагуу ямар нэг хууль тогтоомж батлагдахаас өндөр настай япончууд эмээж байна....
Орчуулсан #МЦогзолмаа