Image description
Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг, “Пари Сен-Жермен” багийн довтлогч Леонель Месси өчигдөр Саудын Араб улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр одоо энэ орны Аялал жуулчлалын салбарын шинэ нүүр царай болсон аж. Саудын Араб улсын Аялал жуулчлалын сайд Ахмед Аль-Хатеб “Алдарт хөлбөмбөгчин Лионель Месси таныг эх орондоо угтан авахад нэн таатай байна. Та Улаан тэнгисийн эрдэнэстэй танилцаж “Jeddah Season” наадамд зочилж манай улсын эртний түүхийг мэдэж авах болно. Энэ бол манай хаант улсад хийсэн таны анхны айлчлал биш, мэдээж сүүлчийнх ч биш” хэмээн алдартай тамирчныг угтаж авахдаа хэлжээ. “Jeddah Season” бол аялагч жуулчдад зориулсан наадам юм. Саудын Араб улс энэ наадмаа 5-6 сард зохион байгуулдаг уламжлалтай. Эрх баригчид 2022 онд энэ наадмын хүрээнд нийт 2800 арга хэмжээг улс орон даяар зохион явуулахаар төлөвлөжээ. 
Сонирхуулахад, дэлхийн бас нэг алдартай хөлбөмбөгчин Криштиан Роналдо өмнө нь Саудын Арабын тавьсан саналаас татгалзсан гэсэн шуугиан дэгдэж байсан. Саудчууд түүнд жилд 6 сая евро санал болгосон хэмээн ХМХ-ээр бичиж байсан юм. Гэвч Роналдо 2021 оны 1-р сард энэ улсын зар сурталчилгаанд тоглохоос татгалзсан аж. Яг энэ үеэр Сауудын Араб иймэрхүү саналыг Мессид тавьсан гэсэн мэдээ цацагдаж байсан нь ийнхүү батлагдлаа. Месси тухайн үед “Барселон” хөлбөмбөгийн клубт тоглож байсан билээ.