Image description
ОХУ-ын улстөр судлаач, “Fitzroy Magazine” сэтгүүлийн ерөнхий редактор Кирилл Бенедиктов ба “Комсомольская правда” радиогийн хөтлөгч Сергей Мардан нарын  ярилцлагаас хэсэгчлэн хүргэж байна. 

Сергей Мардан: Украины “утаа” сарнисны дараах дэлхийн дүр зураг ямар байх вэ? 
Кирилл Бенедиктов: Сайхан сэдэв, яагаад гэвэл Орос-Украины зөрчлийг даяаршсан дэлхийгээс таслан авч ярих нь том алдаа. Ийм зөрчил аль эрт бий болсон, эрт орой хэзээ нэгэн цагт дэлбэрэх байсан. Энэ бол вакуум доторх морь бишээ, энэ бүхэн АНУ ба Орос, АНУ ба Европ, Өрнөд ба Дорнодын өрөгтэй маш нягт холбоотой. Мэдээж, бид ирээдүйг зөгнөгч шидтэн биш. Гэхдээ хэдэн хувилбар бий. 

Мардан: Одоо ямар хувилбар илүү магадлалтай байна? Драм, сүйрэл?
Бенедиктов: Минийхээр бол Орос улс хязгаарлагдмал ялалтыг Украинд байгуулна. Донецк, Луганскийн БНУ өөрсдийн хуучин хил хязгаарыг эзэлж үлдэнэ. Бас одоо ОХУ-ын арми байгаа Украины өмнөд нутгийн 3 муж оросуудын мэдэлд үлдэнэ. 

Мардан: Хуурай замын гудам?
Бенедиктов: Хуурай замын гудам: Херсон, Бердянск, Мелитополь, Мариуполь. Энэ бол манай цэргийн тусгай ажиллагааны эхний үе шатын гол зорилго. Мөн Одесс, Николаевыг эзэлж авах байх. Гэхдээ ялалт бүрэн төгс биш, яагаад гэвэл Харьков болон төв мужуудыг эзлэхгүйгээр ямар нэг өөрчлөлтийн тухай ярих хэцүү. 

Мардан: Кривой Рог, Днепропетровск уу?
Бенедиктов: Мэдээж, Днепропетровск ба Харьковыг эзлэхгүй л бол болохгүй. Энэ нь Украины байдлыг маш их хүндрүүлэх юм, яагаад гэвэл эрэг дагуух нутгаа, боомтуудаа алдана. Ер нь Украин дангаараа хэнд ч сонирхолтой биш, Украин бол ердөө Оросын эсрэг хийх Өрнөдийн дайны плацдарм. Иймээс Оросыг сулруулж доройтуулж л байвал Украиныг алдах нь Өрнөдөд огтхон ч асуудал биш. Мариуполь хотын хувьд бүх юм ойлгомжтой. Уг нь энэ хотыг бүр 2014 онд авах байсым, Крым хүрэх хуурай замын түлхүүр шүү дээ. Херсоны үнэ цэнэ гэвэл тэр хот Николаев, Одесс руу хүрэх замыг нээнэ. Эдгээр хотыг алдсанаар Украин далай тэнгисээс таслагдана, харин бид Приднестровье хүрэх гудамтай болно. Ийм хувилбар хамгийн магадлалтай, өнөөгийн хүчний харилцааг авч үзвэл хамгийн боломжтой. Өөр нэг хувилбар бий, биелэх магадлал бага. Түүгээр бол Орос улс Украины ихэнх хэсгийг хяналтад авч баруун мужуудыг үлдээх. Анхнаасаа ийм хувилбараар өрнөхөөр төлөвлөж байсан байх. Эхний өдрүүдэд Киев рүү шууд дөхөж очихдоо Украины нийслэлд төрийн эргэлт (цэргийн эсвэл тусгай албадын) гарна, тэгээд шинэ Засгийн газар байгуулагдаж хэлэлцээр хийнэ гэж Төв командлал тооцоолсон байх магадлалтай. Гэвч төрийн эргэлт гарсангүй, ийм эргэлт хийхэд гол үүрэг гүйцэтгэх магадлалтай хүмүүсээ зайлуулснаар Зеленский суудалдаа үлдэж чадсан. Энд анхааруулахад, Байдены мэдэгдэл ч өөрчлөгдсөн. Тэр эхлээд “Путин хэзээ ч Украиныг бүхэлд нь мэдэлдээ авч чадахгүй гэж НАТО сэрэмжлүүлж байна” гэж байв. АНУ үнэхээр маш их хэмжээний зэр зэвсгийг Украинд нийлүүлсэн.... Гэтэл тэдгээр зэвсэг алга болдог тухай сэдэв тэдний ХМХ-ээр байнга сөхөгдөж “Зэр зэвсэг Украинд очсоноос хойш хэдэн цагийн дараа юу болж байгааг бид мэдэхгүй байна. Хар нүх шиг...” гэж шүүмжилдэг. Америкчууд нийлүүлсэн зэвсгээ дараа нь Ойрхи Дорнод зэрэг газарт гэнэт өөрсдийнх нь эсрэг буудаасай гэж мэдээж хүсэхгүй. Иймээс тэр бүх зэвсэг ядаж Украины баруун нутагт үлдээсэй гэж хичээж байна. Иймээс л тэнд асар ихээр зэр зэвсгийг хуримтлуулсан. Өөрөөр хэлбэл, тэд Баруун Украиныг бат бөх хэрэм цайз болгож хувирган хэзээ ч Оросын хяналтад оруулахгүй байх хувилбараар хөдөлсөн юм. Орос улс Украины төв мужуудыг авах магадлалтай, гэхдээ баруун мужуудыг эзэлж чадахгүй гэж Америкийн шинжээчид тооцоолсон хэрэг. Иймээс үндсэн 3 хувилбар л байна: Эхнийх хамгийн магадлалтай, хоёр дох нь илүү хүсэмжит, гурав дахь нь бараг боломжгүй буюу 1939 оных шиг Украины бүх газар нутгийг хяналтанд авах. 

Мардан: За, Украины хувь заяа ойлгомжтой. Харин Өрнөдийнх? Өрнөдийн ноёрхлын төгсгөл ирлээ гэсэн яриа хэр үндэслэлтэй вэ? Эсвэл дэмий яриа юу?
Бенедиктов: Энд эрүүл саруулаар тунгааж хүслээ бодит байдлаас ялгаж салгах хэрэгтэй. Мэдээж, давуу байдал илүүрхэлд хэн ч хаа ч хэзээ ч дургүй. Иймээс Өрнөд сүйрэхийг дэлхий даяараа алгаа үрэн хүлээж буйг гайхалтгүй. Орос ч гэсэн. Асуудал өөр зүйлд байна. Өрнөдийн хэдэн зуун жилийн ноёрхол нь шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлийн хүчин чадал дээр суурилсан. Одоо даяаршлын улмаас хөгжил дэвшил дан ганц Өрнөдийнх байхаа больжээ. Хөгжил дэвшил өнөөдөр хөгжингүй орнуудад түүний дотор Хятадын баруун нутаг, Японд ч харьцангүй жигд тархсан. Иймээс хөзрийн тамга Өрнөдөд гарт хэвээр байгаа гэх нь буруу. Чухам ийм учраас Обамагийн үеэс л бүр Америкийн шинжээчид хүртэл “Удахгүй АНУ-ын ноёрхол төгсгөл болно” гэцгээх болсон.
Үнэндээ энэ зууны эхний 20 жилийн турш АНУ-д хоёр том хүчний хооронд хатуу ширүүн тэмцэл явагдаж ирсэн, даяаршлынхан ба локалынхан (орон нутгийнхан). Даяаршлынхан гэдэг нь банкууд ба корпорациуд. Тэд даяаршсан эдийн засагт найдвар тавьж үйлдвэрлэлээ АНУ-аас Хятад, Вьетнам, Индонез, Бангладеш гээд ажлын хүч хямд нутаг руу зөөсөн. Үүний зэрэгцээ байгалийн хий, нефтийг хаанаас ч хамаагүй бүр улстөрийн дайснуудаасаа ч худалдаж авч тээвэрлэж байлаа. Харин орон нутгийнхан гэдэг нь тодорхой газар нутаг, мужуудад зангидсан том капитал, аж үйлдвэрлэл юм. Энэ бол нефтийн болон боловсруулах үйлдвэрлэл. 2016 онд энэ сөргөлдөөн Трампын ялалтаар гэнэт дууссан. Трамп бол орон нутгийнхны манлайлагч. Түүнийг 4 жил Цагаан ордонд сууж байхад Өрнөдийн либерал-даяаршсан загвар сөнөж байгаа мэт санагдсан. Глобалчуудын гадаадын түрэмгийлэлд зарцуулж байсан Америкийн нөөц баялгийг буцаан авч эхэлсэн. Нөөц баялаг мэдээж Америкт ч хязгаартай, иймээс глобализм цаашлах тусмаа “шар шувууг тэлж глобуст нөмөргөх” гэгч болсон. Глобуст ч сайнгүй, шар шувуунд бүр муу. 

Мардан: Харин одоо? 
Бенедиктов: 2020 онд даяаршлынхан ялалт байгуулсан. Гэхдээ миний бодлоор Трамп ялсан ч түүнийг “гол гаргаж” саналыг нь хулгайлчихсан. Тэгээд Хүйтэн дайны үлдэц балгас Байден Цагаан ордод суусан даа. 

Мардан: Тэр үнэхээр Хүйтэн дайны балгас уу? 
Бенедиктов: Мэдээж. Оросын төгсгөл ирэхэд 15 жил үлдсэн, дараа нь задарч бутарна гэж тэр 2011 онд хэлж байсныг би одоо ч мартаж чадахгүй. Байден бол Хүйтэн дайны хожуул. 

Мардан: Путин ийм эрсдэлтэй алхам хийчихнэ гэж тэд хүлээгээгүй байх, тэ? Эсвэл Орос дахиад л айчихна гэж бодсон биз, тийм үү? 
Бенедиктов: Сайхан асуулт байна. Тэд гэж хэнийг хэлэв?

Мардан: Тэд гэж Өрнөдийн бах мэлхий багийнхан.
Бенедиктов: Өрнөдийн мэлхий баг бол дор хаяж 2 толгойтой. Нэг толгой нь Оросоос ямар ч гэнэтийн бэлэг ирэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Яагаад гэвэл, сүүлийн 8 жилийн турш Орос яг л хулигаануудад дээрэлхүүлсэн “нүдний шилт ботаник” шиг биеэ авч явсан. Минскийн хэлэлцээр энэ тэр гэж бувтнаад л. Харин 2 сарын 24-нд энэ ботаник гэнэт нүдний шилээ авч.... 

Мардан: Кастетаа авч эрүү рүү нь шаачихсан.
Бенедиктов: Тэгсэн, гэхдээ сүргийн эсрэг ганцаараа бослоо. Би гурвыг ч дөнгөчихнө гэсэн яриа байдаг ч бодит амьдрал дээр 2-ын эсрэг ч хэцүү... Орос зүгээр л яваад өгнө гэж Өрнөдийн шинжээчид үзэж байлаа. Үүний зэрэгцээ дайн дэгдэх хувилбар байж болохыг нөлөө бүхий хүмүүс тооцоолсон. Гэсэн ч тэднийг гайхашруулж Орос шийдмэг үйлдэл хийсэн, тэгэхдээ Өрнөдийн тооцоолсноос өөрөөр. Хот тосгодыг нэлэнхүйд нь бөмбөгдөөгүй, зүгээр л пуужингаар хязгаарлагдмал цохилт өгч гэнэтийн дайралт хийх төдий. Өрнөд шилээ удаан маажсан байх даа. Оросын үзэл бодлын үүднээс авч үзвэл энэ зөв, тэгээд ч оросууд ба украинчууд нэг ард түмэн. Бид хүн амыг бөөнөөр устгахаар төлөвлөөгүй, америкчууд л дандаа тэгдэг. Жишээ нь, тэд Иракт тоолж барамгүй олон хүнийг цааш харуулсан. Тэглээ гээд ч тэд ялаагүй ээ. Афганистанд мөн адил. Иймээс хэрэв бид америкчууд шиг байлдсан бол Украины талыг гамбир болгож Киевийг асар том... 

Мардан: Утаа савссан юүлүүр болгоно гэж үү? 
Бенедиктов: Бид хэрэв тэгсэн бол дайныг 3 өдөрт л дуусгах байлаа. Эсвэл 3 долоо хоногт. Та нар Иракийг сана даа, америкчууд нэлэнхүйд нь бөмбөгдөөд юу олж долоов? Юу ч үгүй. Иймээс Өрнөдөд хэн ч Украиныг өрөвдөхгүй. Хэрэв Орос байгаа бүх хүчээрээ цохилт өгсөн бол мэдээж хуурамч нулимс дуслуулж энэ зөрчилд Өрнөд татагдан орох тухай яриа их эрт дэгдэх байсан. Шууд л 2 сарын сүүлээр. Иймээс Оросын армийн хязгаарлалттай алхам үйлдлийг алдаа гэж болохгүй. 
Минийхээр бол эхний шөнө л Украины штабуудыг “Кинжаал”-аараа бут ниргэх байсым... Гэхдээ тэгсэн бол Орос шууд л гаж өөдгүй новшуудын эгнээнд бичигдэх байсан биз... Миний бодлоор манай энэ цэргийн тусгай ажиллагаа бол агуу.... 2014 онд бид цус урсгалгүй Крымыг авч байх үед Оросыг дэмжсэн бослогууд Новороссиид дэгдэж байсан, тэгэхэд л бид зүгээр л тайван замаар Харьков гээд хүссэн бүхнээ авч болох байлаа. Ард түмний эрх ашгийн төлөө түүхэн шударга ёсыг сэргээж газар нутгуудаа буцааж авч болох байсым.... 
Орчуулсан #МЦогзолмаа 2022.05.13.