Image description
Украинд 40 тэрбум долларын тусламж олгох тухай хуулийн төслийг яаравчлан батлахыг АНУ-ын сенаторч Рэнд Пол эсэргүүцэж хориг тавилаа. Кентукки мужаас сонгогдсон, Бүгд найрамдах намын гишүүн Рэнд Пол "Би АНУ-ын төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн болохоос өөр аль нэг гадаад орны төлөө биш. Зорилго нь ямар ч өрөвдөм хөөрхийлөлтэй байсан ч би бол Америкийн үндэсний аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн хүн. Бид өөрийн орны эдийн засгийг мөхөөн байж Украиныг аврах боломжгүй. Энэ хуулийн төсөл бол 40 тэрбум долларын зардал гэсэн үг. Энэ бол сүүлийн 2 сард Украинд мөнгө өгч байгаа 2 дахь хуулийн төсөл, эхнийхээс 3 дахин их мөнгө шүү. Бид 2014 оноос хойш 6 тэрбум гаруй долларын цэргийн тусламжийг Украинд үзүүлсэн. Хэрэв энэ шинэ хуулийн төслийг баталбал АНУ 60 тэрбум долларыг Украинд зарцуулна гэсэн үг. 60 тэрбум доллар гэж юу вэ? Энэ бол цэргийн зардлаар дэлхийд тэргүүлдэг эхний 5 орныг хасаад үлдсэн бүх орны батлан хамгаалах зардлаас ч их. Хэрэв энийг баталбал манай Украинд үзүүлсэн нийт тусламж нь Оросын батлан хамгаалах төсвөөс ч их болно. Тэгээд ч ийм их мөнгө манайд байхгүй, Украинд ийм мөнгө өгөхийн тулд бид Хятадаас зээлэх шаардлага гарна. 60 тэрбум доллар бол Америк улс Афганистанд эхний жил зарцуулснаас ч их мөнгө. Энэ тусламж манай дотоодын тэргүүн зорилтуудаас ч давчихлаа. Украинд 60 тэрбум доллар өгч байгаа хэрнээ бид хорт хавдрыг судлахад жилд 6 сая доллар зарцуулдаг. 60 тэрбум доллар бол манай улсын бензиний бүтэн жилийн татвараас ч их, гэтэл тэр цуглуулсан мөнгөөр төр засаг маань авто зам, гүүр барьдаг. Украинд өгөх 60 тэрбумаар гол чухал олон яамыг бүтэн жил бүрэн санхүүжүүлчихнэ. 60 тэрбум доллар гэдэг бол бараг л Төрийн департаментын (ГХЯ) төсөв. Энэ бол Дотоод аюулгүй байдлын яам ба Эрчим хүчний яамны төсвөөс ч их. Гэтэл Конгресс үрээд л үрээд л байхыг хүсч байна.…" гэж шүүмжилжээ. 
Нэмж өгүүлэхэд, АНУ-ын экс Ерөнхийлөгч Трампын хүү Бага Дональд мөн 40 тэрбум долларын тусламжийн талаар санал бодлоо илэрхийлжээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Зеленскийг тайчих клубт бүжиж хажууд нь Ерөнхийлөгч Байден зогсч буйгаар дүрслээд шүүмжилсэн байна (зургийг хавсаргав). “$40 000 000 000!!! Украинд мөнгөөр бороо орж байна. Гэтэл энд америкчууд зовж шаналж байна, хүүхдийн сүү ч хүрэлцэхгүй байна. Энэ мөнгөнөөс 7 доллар л украинчуудад очно, үлдсэн нь том дайнд, бас авлигажсан улстөрчдийн гарт. Сайн ажиллаж байна, залуус аа” гэж Бага Дональд Трамп бичжээ. 
Орчуулсан #МЦогзолмаа