Image description
Олимп, дэлхийн аварга Алина Ильназовна Загитова 20 насны ойгоо тэмдэглэлээ. Тэр дунд сургуулиа төгсч амжаагүй байхдаа буюу 15-хан настайдаа Олимп, Дэлхийн аварга болсон билээ. Алина бол Оросын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн эмэгтэй уран гулгагч, хамгийн гол нь тэр энэ амжилтаа мөнгө болгон хувиргаж чадсан тул одоо саятны эгнээнд бичигдэж байна. 
Алдар цуу, залуу нас, гоо үзэсгэлэн гээд түүнд бүх юм цөм бүрэн. Иймээс л алдартай брэндүүд түүнтэй гэрээ хийх гэж өрсөлддөг, өрсөлдсөөр байна. Олимпийн дараа түүний “Shiseido”, “Puma”-тай байгуулсан гэрээ шинэ түвшинд хүрч очив. Алина Загитова гоо сайхны бүтээгдэхүүн, спортын хувцас, япон матрац гээд зар сурталчилгаанд тоглохын зэрэгцээ уран гулгалтаа ч орхиогүй. Гэвч тэр 2020 онд завсарлага авч спортоо түр орхиж буйгаа зарлав. Алина зүгээр л амьдралаас таашаал цэнгэл аван амьдрахыг хүссэн хэрэг. Энэ үед тэр “Forbes” сэтгүүлээс гаргасан “Оросын 40 нас хүрээгүй хамгийн амжилттай 40 од” жагсаалтад багтагсдын хамгийн залуу нь байв. Алина ганцхан жилд 1,1 сая доллар олсон нь Оросын уран гулгалтын түүхэнд байгаагүй том тоо. 
Одоо Алина Загитова дасгалжуулагч хийж “Мастер анги” ажиллуулахын зэрэгцээ телевизийн хөтлөгчөөр ажилладаг. Цар тахлын үеэр ч түүний орлого буураагүй, зөвхөн зар сурталчилгаанаас хэдэн сая доллар олжээ.