Image description

-Ж.Эрдэнэбатыг суллуулахаар жагсаал зохион байгуулах уу-

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын гишүүд тангарагаа өргөлөө. Гэхдээ 75 нь. Учир нь УИХ-ын 13 дугаар тойрог Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг шүүхээс саатуулаад байгаа.УИХ-ын гишүүд тангараг өргөхөөс өмнө СЕХ-ны даргаас асуулт асуух боломж гишүүдэд байсан ч МАН-ынхан “ган хийж” дуугарсангүй, ганц асуулт ч асуусангүй. Уг нь тэд Ж.Эрдэнэбатынхаа талаар тодруулж болох байсан. Эрх баригчдын ийн дуугархгүй байгаа нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг илтгэлээ.

Тийм байтал сэлэнгэчүүд саналаа өгсөн хүнээ суллуулахын тулд нийслэлд ирж, дахин жагсах тухай асуудал орон нутагт яригдах болжээ. Гэхдээ мэдээж иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх бус Ж.Эрдэнэбатыг дэмжигч, ойрын хүрээнийхэн энэ жагсаал, цуглааныг зохион байгуулж, санхүүжүүлэх тухай ч чих дэлсэх болов. Сэлэнгэчүүдийн хувьд нийслэлд ирж, буцах замын зарлыг нь даах, жагсаалд оролцсон “ажлын хөлс” зэргийг нь өгч байвал очих, ажилгүй иргэн цөөнгүй. Гэхдээ ганц эргэлзээ бий нь өмнөх буюу 2008 оны долдугаар сарын 1-нийг давтах вий гэдэг айдас ажээ.

Харин учир мэдэх хүмүүсийн хувьд Ж.Эрдэнэбатыг суллуулах эсэргүүцэл илэрхийлэхгүй байгаа аж. Учир нь түүнийг зүгээр ч нэг ч хориогүй. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгайзөвшөөрлөө“Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгтяллагдагчаар татсан байдаг. Өөрөөр хэлбэл, олон нийтийн яриад байгаа шиг УИХ-д нэр дэвшмэгц, хэрэг үүсгээд бариад хорьчихсон асуудал биш. Өнгөрсөн оны намраас эхлэн Ж.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрх гээч “хаалт” тээг болоод байсан хэрэг.

Харин ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, бүх үйл явц хуулийн дагуу явагдаж байхад Сонгуульд нэр дэвшиж байгаа гэх шалтгаар халхалж, сонгогчдыг олноор нь сэлэнгээс нийслэлд ирүүлж, шүүхийнхэнд нөлөөлөхийн тулд жагсаал хүртэл зохион байгуулсан нь хэдхэн хоногийн өмнө.

Хөрөнгө, мөнгө, албан тушаалтны өмнө бөхийдөг шүүхтэй бус шударга үнэний төлөө ажилладаг хуулийн байгууллагатай Монгол Улсын иргэд байхыг бид хүсдэг. Тэр ч утгаараа Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагыг иргэд олон нийт шударгаар ажиллахыг шаарддаг. Энгийн иргэд хийгээд албан тушаалтнууд гэм буруутай бол хуулийн өмнө адилхан гэмээ хүлээж, ялаа үүрэх ёстой ч гэдэг. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд байх үедээ албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглачихаад иргэдээр өрөвдүүлэх тактик ашиглаж байгаа нь “матрын нулимс” унагаж, дахин мандан бадарч, эрх мэдэлтэй болох гэсэн Ж.Эрдэнэбатын санаархалыг иргэд анзааралгүй өнгөрсөн бололтой.

Хэн нэгнийг өрөвдөнө гэдэг хүний сэтгэл хөдлөл. Харин хийсэн хэргийнхээ гэм бурууг үүрэх нь хуультай улсын иргэн бүрийн дагаж, мөрдөх зарчим биз ээ.