Image description
Орос улс гадаад өрөө төлж чадаагүй тул 6 сарын 27-нд шилжих шөнө “дефолт” болсон тухай “Bloomberg” агентлаг мэдээллээ. “Орос 100 сая долларын өр төлбөр төлөх ёстой байсан, хөнгөлөлт олгосон хугацаа дууслаа. 2018 оноос хойш анх удаа ийнхүү Орос дефолт болжээ. Гэвч үнэндээ энэ дефолт бол билэгдэл төдий, ийм учраас орос иргэдэд онц нөлөөлөхгүй” гэж “Блүүмберг”-ийн нийтлэлд дурджээ. 
Харин энэхүү мэдэгдлийг Кремль үгүйсгэлээ. “Орос дефолт болсон гэдэг мэдэгдэл үнэнд нийцэхгүй, яагаад гэвэл бид төлөх ёстой бүх өр төлбөрөө 5-р сард төлж дуусгасан. Харин “Euroclear” компани манай төлсөн мөнгийг саатуулж авах ёстой хүмүүст нь хүргээгүйн хариуцлагыг бид хүлээхгүй, энэ бол Оросын асуудал биш” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков хэвлэлийн хурал хийхдээ мэдээллээ.
“Оросын облигацтай холбоотой онцгой нөхцөл байдал үүссэн. Зээлдэгч мөнгөтэй бөгөөд төлөх хүсэлтэй, гэвч хориг арга хэмжээнээс болоод үүнийг хийж чадахгүй байна” гэдгийг “Bloomberg” онцлов. Яагаад гэвэл, АНУ-ын Холбооны нөөцийн сан (Сангийн яам) 5 сарын 24-нд Оросын өрийн төлбөрийг хүлээн авах хөрөнгө оруулагчдад олгох зөвшөөрлөө сунгахгүй гэсэн юм. Энэ талаар ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов “Энэ нь манай орон өр төлбөрөө төлж гүйцэтгэхэд саад болохгүй. Орост дефолт гэсэн шошго өлгөхийн тулд Европ, АНУ хоёр манай төлбөр тооцоонд зориудаар саад бэрхшээл учруулж байна” хэмээжээ.