Image description
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2022-06-28/ боллоо. Хуралдааны эхэнд сайд Л.Халтар Загастайн давааны авто зам барилгын ажлыг амжилттай дуусгах, хүлээж авах бэлтгэл ажлыг сайн хангасан Төрийн нарийн бичгийн дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон холбогдох мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв. 
Үүний дараа харъяа газруудад тулгамдаж буй асуудлыг сонсож зарим үүрэг чиглэлийг өглөө. Нислэгийн зөвшөөрөл хэт өндөр үнэтэй байгаа тухай зарим авиа компаниудаас гомдол санал ирүүлж байна. Үүнийг хянаж үзээд хуульд нийцүүлэн гаргаж ХЗДХЯ-д бүртгүүлэн олон нийтэд зарлах, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын бэлэн байдалд анхаарах. Тус буудалд ажиллах хил, гаалийнхан, ачаа бараа буулгадаг газрын үйлчилгээ 24 цаг бэлэн ажиллах ёстой. Тиймээс олон талын оролцоотой энэ ажлыг шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар оруулах чиглэлийг ИНЕГ, ИНБХЗГ-т, цементийн тээвэрлэлтийн асуудал дээр онцгой анхаарах, Баяр наадмын үеэр болон хур бороо ихтэй долоо, наймдугаар саруудад үер усны сэжигтэй газруудад тогтмол эргүүл ажиллуулах, Хөдөлгөөний аюулгүй байдлыг үргэлж анхаарч ажиллахыг УБТЗ ХНН-д, Чойр өртөөнд байгаа нүүрсийг  богино хугацаанд тээвэрлэж экспортод гаргах, цаашид Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар Зүүнбаян, Чойр, Эрээн өртөөгөөр гаргахад анхаарч ажиллахыг МТЗ ТӨХК, УБТЗ ХНН-д,  Иргэдийн амралт, аялал эрчимжиж байгаа энэ үед томоохон гол нуурууд дээр байцаагч нараа ажиллуулан иргэдэд эрсдлээс хэрхэн сэргийлэх зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх,  сурталчлах ажилд анхаарч ажиллах, Далай ашиглах тухай хууль батлагдсантай холбогдуулан дагаж гарах дүрэм журмыг яаралтай гаргаж батлуулахыг Далайн захиргаанд, Эрдэнэсант АЗЗА компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа тул, Төлөөлөн удирдах зөвлөлийг хуралдуулж, тодорхой шийдвэр гаргахыг Замын ашиглалт, засварын хэлтэст, Баяр наадмын амралтын үеэр Дарханы замын ажлыг  хэвийн үргэлжлүүлнэ. Ээлжийн зохион байгуулалт, ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлд онцгойлон анхаарч, хяналт тавих үүргийг Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн захиргаа, удирдлагын газарт тус тус үүрэг болголоо.