Image description
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд зэрэгцээ импортыг хууль ёсны болгож зөвшөөрөх тухай хуульд гарын үсэг зурав. Энэхүү хууль нь гадаадын бараа таваарыг хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүй оруулж ирдэг Оросын компаниудыг эрүүгийн болон захиргаа, иргэний хариуцлагаас чөлөөлж хамгаалах аж. Хуулийг төслийг парламентын Доод танхим –Төрийн Думд 5 сард оруулж ирсэн, 6 сарын 21-нд 3 дахь удаагаа авч хэлэлцэн сайшааж, 6 сарын 22-нд парламентын Дээд танхим -Холбооны зөвлөл дэмжжээ. 
Дашрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин бүр 3-р сард гадаадын бараа бүтээгдэхүүнийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй оруулж ирэх тогтоол гаргасан юм. Энд авто машин, электроник, сэлбэг, гоо сайхны бтээгдэхүүн, сүрчиг үнэртэн, хувцас, барилгын материал гэх мэт багтжээ. Харин Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров 5 сард зэрэгцээ импортод зөвшөөрсөн бараа таваарын жагсаалтыг гаргаж баталсан. Тус орны Гаалийн албаны мэдээлснээр зөвхөн 1 сард Орос луу гадаадаас бараг 2 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн орж иржээ. 
Төрийн Думын эдийн засгийн бодлогын хорооны дэд тэргүүлэгч Денис Кравченко “Зэрэгцээ импортыг хуульчлах нь цагаа олсон, нэн чухал арга хэмжээ. Өрнөдийн улсуудын хориг арга хэмжээний уршиг дагавраас болгоомжилж гадаадын 160 гаруй брэнд манай улсад үйл ажиллагаа явуулахаа зогсоосон. Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан энэ хууль бол эдийн засгийн онцгой арга хэмжээ биш. Олон улсын худалдааны хуулинд зааснаар улс орнууд ямар хууль, зарчмыг баримталж дагахаа бие даан шийдэх эрхтэй. Орост үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл санхүүгийн алдагдал хүлээх нөхцөл байдалд Өрнөдийн орнууд үнэндээ олон улсын бизнесийг оруулчихсан, энэ үед зэрэгцээ импорт бол манай орны авах ёстой мэдээжийн алхам” хэмээн мэдэгдлээ. “Манай орны эсрэг хууль бус олон хориг тавьсан учраас зэрэгцээ импортыг хуульчлах нь аргагүйн эрхэнд авсан арга хэмжээ. Логистик гинжин хэлхээ тасарсан, Өрнөдийн компаниуд өөрийн орны улстөрчдийн дарамт шахалтаас болж манай зах зээлээс явж байна, хэдийгээр энэ нь эдийн засаг ба санхүүгийн логиктой огт авцалдахгүй ч гэсэн. Мэдээжийн хэрэг, ийм нөхцөлд бид дотоод зах зээлээ хэрэгцээт бараа таваараар хангах арга хэмжээ авах нь зөв зүйтэй” гэж Холбооны зөвлөлийн эдийн засгийн бодлогын хорооны дэд тэргүүлэгч Константин Долгов ярилаа. 
Орчуулсан #МЦогзолмаа