Image description
Хятад гүрний Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Жао Ли Цзянь дэлхийн хамгийн хүчирхэг 7 орны дээд хэмжээний уулзалтыг шоолж нийгмийн сүлжээнд дээрх зургийг оруулжээ. “Их долоо бүлгийн орнуудын иргэд бол манай гарагийн хүн амын зөвхөн 1 хэсэг төдий бөгөөд нийлээд 777 сая л хүрнэ. Харьцуулахад “BRICS” эвслийн  гишүүн орнуудад бараг 3,2 тэрбум хүн амьдардаг билээ. Иймээс та нар дараагийн удаа дэлхийн олон нийт гэж ярихдаа үнэн бодит байдлыг тусгаарай даа” хэмээн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ. “BRICS” эвсэлд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс гэсэн 5 орон багтдаг бол харин "G7" бүлэгт Англи, Герман, Итали, Канад, Франц, Япон, АНУ хамрагддаг.
Нэмж өгүүлэхэд, “Их долоо” бүлэг 3 хоног хуралдсаны эцэст Орос орны ашиг орлогыг бууруулахын тулд нефтийн дээд үнийг тогтоохоор болжээ, хэрэв тогтоосноос өндөр үнээр зарвал тээвэрлэлтийг нь хориглох юм байх. Германы канцлер Олаф Шольц “Өрнөдийн орнууд одоо Орост үзүүлж буй дарамт шахалтыг улам нэмэгдүүлэхэд энэ арга хэмжээ тустай. Украинд ялагдсанаа Путин хүлээн зөвшөөрөх хүртэл үргэлжлүүлэх ёстой" хэмээжээ. Харин Олон улсын эрчим хүчний агентлаг сар тутмын тайландаа "Орос улс 5-р сард нефтийн экспортын хэмжээгээ бууруулсан ч ашиг орлого нь нэмэгдсэн" хэмээн дурдсан байна.