Image description
Бельги улсад байрладаг АНУ-ын цэргийн баазаас хар тамхи үйлдвэрлэдэг нууц лабораторийг илрүүлсэн тухай “Agence France-Presse” агентлаг мэдээллээ. “Хэдийгээр 2 орны Засгийн газрууд албан ёсоор мэдээлдэггүй ч Кляйне-Брогель дэх Америкийн цэргийн энэ бааз дээр цөмийн зэвсэг хадгалагддаг тухай бид 1980 оноос л мэднэ” хэмээн тус агентлаг цохон тэмдэглэв. “Америкийн цөмийн зэвсгийн агуулахад ажилладаг энэхүү нарко лабораториос “экстази” хэмээх мансууруулах эмийг илрүүлж шуурхай устгалаа” хэмээн Бельгийн Прокурорын газар, Шүүх байгууллагын төлөөлөгчид мэдэгджээ. “Маш хатуу чанд хамгаалалтай цэргийн энэ бааз дээр хэн хар тамхины лаборатори байгуулсныг одоогоор тогтоогоогүй байна. Тус лабораторийг энэ оны 6 сарын 22-нд илрүүлсэн. Энэхүү ажиллагааны явцад Батлан хамгаалах яам болон армитай огт холбоогүй 2 хүнийг баривчиллаа” гэж Бельги улсын Лимбург мужийн Прокурорын газрын төлөөлөгч ярилаа. 
Кляйн-Брогель дэх АНУ-ын цэргийн энэ баазад 10-20 ширхэг цөмийн цэнэгт хошуу байдаг тухай Бельгийн нэгэн депутат мэдэгдэв. Энэ нутгийн иргэд, мөн байгаль хамгаалагчид цөмийн зэвсгийг эсэргүүцэж байнга л Америкийн цэргийн баазын ойролцоо жагсаал цуглаан зохион байгуулж шаардлага хүргүүлдэг юм байна.