Image description
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Туркменистан улсад айлчлан, Каспийн дээд хэмжээний уулзалтад оролцоод буцахдаа хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн хурлын сонин хачнаас хүргэе. 

Асуулт: Германд “Их долоо” бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр Канадын Ерөнхий сайд Трюдо “Алив хэдүүлээ пиджакаа тайлж хаявал Путинээс мундаг харагдана” гэсэн. Та энд Каспийн саммит дээр иймэрхүү асуудал авч хэлэлцээгүй биз? (Английн Ерөнхий сайд Борис Жонсон “Путинээс мундаг харагдахын тулд бид тайчих хэрэгтэй юү?” гэхэд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Нүцгэн цээжээ харуулан морь унаж болох юм” гэжээ, орч). 
В.Путин: Тэд бүсэлхий хүртэл эсвэл бүсэлхийнээс доош гээд яаж тайчихыг хүссэнийг би мэдэхгүй, ямар ч байсан ой гутам үзвэр болох байсан биз. “Ажил хэрэгч хүн ч хумсны будгийн тухай бодож болно” гэж Пушкин хэлсэн дээ. Иймээс хүний сэтгэл, бие махбодь гээд бүх юм сайхан, өв тэгш хөгжсөн байх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ тийм байхын тулд архи болон бусад буруу зуршлаас татгалзаж биеийн тамир, спортоор хичээллэх хэрэгтэй дээ. Тэднийг би бүгдийг нь биечлэн танина. Бидний харилцаа одоо тийм ч сайн биш. Хэдий тийм ч тэд бүгдээрээ лидер, характертай. Иймээс хэрэв тэд хүсвэл зохих амжилтад мэдээж хүрч чадна. Гэхдээ өөрийгөө дайчилж сайн ажиллах ёстой. Тэд энэ тухай ярьж байгаа нь харин сайн хэрэг, үүний төлөө магтчихъя. 

Асуулт: Английн Ерөнхий сайд Борис Жонсон “Оросын Ерөнхийлөгч хэрэв эмэгтэй байсан бол дайтахгүй байсан” гэсэн. Та энэ талаар юу хэлэх вэ? 
В.Путин: Хэрэв тэгсэн бол ингэх байсан гэж би одоо ярихгүй. Зүгээр л нэн шинэ түүхээс сануулъя. Фольклэндийн арлуудын төлөө Аргентин улстай Маргарет Тэтчер дайн эхлүүлсэн, эмэгтэй хүн дайтах шийдвэр гаргасан. Фольклэндийн арлууд хаана оршдог, Англи хаана байдаг билээ? Тэр эзэнт гүрний амбицдаа хөтлөгдөн ийм алхам хийсэн. Иймээс Английн өнөөгийн Ерөнхий сайдын тийм ч аятайхан жишээ биш ээ. 

Асуулт: НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр Оросыг шууд л гол аюул заналхийлэл гэж зарлалаа. НАТО-гийн ерөнхий нарийн бичиг Столтенберг бүр 2014 оноос хойш ОХУ-тай сөргөлдөхөөр бэлдсэнээ хүлээн зөвшөөрчихөв. Бельгийн Ерөнхий сайд харин Украин заавал ялах ёстой, тэгэхдээ зөвхөн тулааны талбар дээр гэжээ. Та эдгээр мэдэгдэлд үнэлгээ өгөхгүй юү? 
В.Путин: Тэд 2014 оноос хойш манай эсрэг бэлдсэнийг бид мэднэ. Өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд хийсэн Оросын шийдмэг алхмыг чухам үүгээр тайлбарлаж болно. АНУ зэрэг оронд гадаадын дайсан хэрэгтэй болсон... Иран энэ дүрд тийм ч тохиромжтой биш, Орос илүү тохирчээ. Түүхийн шинэ эргэлтэн дээр бүх холбоотноо тойруулан нэгтгэх боломжийг Орос тэдэнд өглөө.... НАТО бол өнгөрсөн зууны, хүйтэн дайны эриний үлдэгдэл гэж биднийг хэлэх бүрд “НАТО өөрчлөгдсөн, энэ бол улстөрийн холбоо” гэж хариулж байсан. Гэтэл одоо тэд юу хийж байгааг харцгаа. Үргэлжлэл бий:  http://massnews.mn/a/2787
Орчуулсан #МЦогзолмаа