Image description
"Хятадын эрх баригчид “COVID-19”-ийн эсрэг тэмцэх зориулалттай цахим системийг хэтрүүлж ашиглан нийгмийг бүхэлд нь хянаж байна. Эдгээр хавсралтын тусламжтай хэрэглэгчдийн шилжилт хөдөлгөөн, худалдан авалтыг мөрдөж тагнах болжээ. Эмнэлгийн онош биш харин хүмүүсийн алхам үйлдлээс хамаарч тэдний боломжийг хязгаарладаг. Эрх баригчид үнэндээ ковидын "цахим бугуйвч"-аар ард иргэдээ бүрэн хянаж байна” гэж “Financial Times” сонин мэдээллээ.
Хятад улс дэлхийн бусад орноос өөр аргаар ковидтой тэмцдэг, "тэг ковид” бодлогоо хэрэгжүүлэхийн тулд тусгай хавсралтуудыг ашигладаг. Үүний дүнд ард иргэдийн тухай асар их мэдээллийг цуглуулж байна, геолокаци болон “COVID-19”-н тестийн хариу, худалдан авалт, вакцинжуулалтын түвшин гэх мэт. Ногоон кодтой бол хаашаа ч явж болно, шар өнгөтэй бол тест өгөх ёстой, улаан бол өөрийгөө тусгаарлах буюу карантинд орно гэсэн үг.
“Би ханиадны эм худалдаж автал иргэний үнэмлэхээ үзүүлэхийг шаардсан. Мөн намайг олон нийтийн газраар явахыг хориглолоо. Түүнээс гадна миний хавсралт дээрх эрүүл мэндийн байдлын түвшинг өөрчилж тест өгөхийг шаардсан. Тэр бүү хэл гар утас маань гэнэт чанга дуугарч эргэн тойрны хүмүүс бушуухан надаас холдож явж байв” хэмээн Бээжингийн оршин суугч Го Жуй ярилаа. 
Өөр нэг хачирхалтай тохиолдол Жэнчжоуд гарчээ. Энд орон нутгийн эрх баригчид шууд 1000 гаруй хүний кодыг улаан болгож өөрчлөв. Энэ хүмүүс Хөдөө аж ахуйн банк дампуурах гэж байгаа тухай сонсоод дансан дахь мөнгөө хамгаалахын тулд эсэргүүцлийн арга хэмжээнд оролцохоор завджээ. Нэг иргэн “Миний хавсралт дээрх код гэнэт өөрчлөгдөн “гадаадаас ирсэн” гэсэн статустай улаан өнгөтэй болсон тул би Жэнчжоуд очиж чадаагүй” хэмээн сонины сурвалжлагчид ярилаа. 
Сонирхуулахад, Жэнчжоу хотын Авилгын эсрэг байгууллага лхагва гарагт “Зөвшөөрөлгүй код өөрчилсөн” хэргээр 5 түшмэлд шийтгэл ногдуулснаа мэдээлэв. 
Гэсэн хэдий ч Хятадын Засгийн газар “Ковидын эсрэг хавсралтуудыг зөвхөн эрүүл мэндийг хянах зорилготой ашигладаг” хэмээн мэдэгдсээр байна. Энэ улсын эрүүл мэндийн байгууллагууд цахим хавсралтуудын ачаар маш хурдан, өргөн цар хүрээтэй арга хэмжээ авсан нэг жишээ хзргэе. Бээжингийн нэг дүүрэгт коронавирүсийн халдвартай 3 өвчтөнийг илрүүлжээ. Үүнээс болж эрх баригчид тэдэнтэй хавьтсан 9785 хүнийг 3 хоногийн турш хөл хорьж нэмээд 77 мянган хүнийг олон нийтийн газраар явахыг хориглосон юм..... 
Орчуулсан #МЦогзолмаа