Image description
Сармагчны цэцэг өвчний улмаас дэлхийн хэмжээнд Онц нөхцөл байдал үүссэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2022 оны 7 сарын 23-нд зарлалаа. Энэ бол үнэндээ Цар тахлын өмнөх үе шат. “Аливаа өвчний дэгдэлтийг Онц байдал хэмээн хүлээн зөвшөөрөхийн тулд маш хатуу, чанга үзүүлэлтийн дагуу шүүдэг. Жишээлбэл өвчний тархалтын хурд. Сармагчны цэцэг өвчний халдвар аймшигтай хурдан өсч байна, сарын өмнө ердөө 3000 тохиолдол батлагдсан бол одоо дэлхийн 75 оронд 16 мянга давлаа. Хамгийн гол нь өмнө ийм өвчин гардаггүй байсан бүс нутгуудад шинээр сармагчны өвчин илрэх болжээ. Тиймээс бид ийм шийдвэр гаргасан” хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус мэдэгдлээ. 
Одоогийн байдлаар сармагчны цэцэг өвчний халдвар авах магадлал дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй, Европт өндөр эрсдэлтэй гэж үзсэн бол харин бусад тивд дунд зэрэг байна. “Сармагчны цэцэг өвчний вирүс дэлхийн орнуудаар тархах эрсдэл байгаа боловч олон улсын зорчигч тээврийн харилцаа доголдох шалтгаан болох магадлал доогуур гэж бид үнэлж байна” хэмээн ДЭМБ-ын тэргүүн Гебреисус тайлбарлажээ.