Image description
Хуванцар идэж, түүнийг хурдан задалж чаддаг хэдэн төрлийн микро организмыг Норвег улсын нуураас илрүүлсэн тухай Англи, Германы экологч нар мэдэгдлээ. Энэ тухай нийтлэл “Nature Communications” сонинд хэвлэгджээ. 
Хүн төрөлхтөн өдөрт 300 сая тонн хуванцар хог хаягдал “үйлдвэрлэдэг” бөгөөд эдгээрийн ихэнх нь хогийн цэг дээр хаягдаж дараа нь Дэлхийн далайд орж хэдэн арав, хэдэн зуун жилийн турш байгаль орчин, далай тэнгисийг бохирдуулсаар байх юм. Түүнчлэн хуванцрын өчүүхэн жижиг хэсгийг далайн загас, амьтад залгиж улмаар хүмүүс өөрсдөө тэднийг иддэг байх талтай. Тиймээс асар их хуванцар хогийн асуудлыг яаж шийдэхийг улс орнууд, эрдэмтэд ч мэдэхгүй байна. Харин хуванцар иддэг микробууд, бактериудын илрүүлсэн явдал энэ асуудлыг шийдэх гарц болж мэдэх юм. 
Эрдэмтэд Скандинавын хэдэн нууранд микро организмуудын янз бүрийн төрөл зүйлийг судалж ангилж байхдаа дээрх нээлтийг хийжээ. Эхлээд нуурын усаас дээж авч бактериуд хэрхэн хуванцартай харилцан үйлчилж байгааг судалж байв. Гэтэл Норвегийн нуурын усны дээжинд агуулагдаж буй зарим бактери нь хуванцартай усанд 2 дахин томорч байжээ. Эдгээр бактери нь хуванцрын нүүрстөрөгчийг шингээдэг ба энгийн органик биетээс илүү хуванцарт “дуртай” байв. Эрдэмтэд одоо “Deinococcus”, “Hymenobacter” төрлийн бактериудын штаммыг ялган авахаар төлөвлөжээ, хожим тэднийг хуванцар боловсруулахад ашиглах аж. Хуванцар иддэг микробууд ирээдүйд хуванцар хог хаягдлаас, бохирдлоос байгаль дэлхийг цэвэрлэж чадна гэж эрдэмтэд найдаж байна.